УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилсон.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Засгийн газраас Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлсэн.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа ороод байна. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.
Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.