2019-01-11 16:201min04

“Яагаад ЖДҮ-тэй холбоотой асуудлыг УИХ-ын даргын асуудалтай зэрэгцүүлж оруулж ирсэн бэ?”

bilegt m

УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-оос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуултандаа хариулт авлаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Билэгт УЕП М.Энх-Амгаланд асуулт тавихдаа “Өчигдөр Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хуулийн төслийг ярилцсан. Энэ бол УИХ-ын даргатай холбоотой. УЕП таныг УИХ дарга оруулж ирдэг юм уу? Яагаад ЖДҮ-тэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгчаас өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуультай зэрэгцүүлж оруулж ирж байгаа юм бэ? Өмнө нь оруулж ирж болоогүй юм уу? Бид одоо 67-уулаа болсон. 67 гишүүн 37:27 болчихсон. Тэгэхээр 37-гоос нь цөөлөх гэж байгаа юм уу?” гэсэн асуулт тавьсан юм.

Гишүүний асуултад М.Энх-Амгалан прокурор “Намайг Ерөнхийлөгч УИХ-тай өвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Би энэ хүнээс амьдралдаа үүрэг даалгавар авч үзээгүй. Прокурор хараат бусаар ажиллах ёстой. Яагаад цаг хугацаа нь давхцав гэхээр урьд нь оруулж ирэх гэхээр та бүгд хурлаа хийхгүй байсан шд. Тэгээд УИХ-ын даргаа шийдэхээр болохоор та бүгд цуглахаар болж, хуралдахаар болсон тухайгаа телевиз радиогоор яриад байхаар нь асуудлаа шийдэх гээд оруулж ирж байгаа юм. Би та бүгдийг нэлээд удаан хүлээлээ шд. Хууль дээдлэх ёстой хүмүүс ингэж удаан төрийн ажлыг гацаана гэж бодоогүй. Тэгээд хуралдах гэж байгаа юм байна гэж оруулж ирсэн. Тэрнээс биш ямар нэг улс төрийн байдлаар, “УИХ-ын дарга оруулж ир” гэсэн үүрэг даалгавар аваагүй. Битгий хууль хяналтын байгууллагыг улс төр болгооч.” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүдийн асуулт, хариулт дуусч, одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байна.