Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрүүд, худалдааны төвүүдээс зарласан бараа бүтээгдэхүүний хямдралтай худалдаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн нийтлэг зөрчлүүдийг илрүүлж, холбогдох газруудад зөвлөмж хүргүүлсэн байна.
Хямдралтай худалдаа зарлахдаа аж ахуйн нэгж байгууллагууд бодит бус мэдээллээр иргэдийг төөрөгдүүлсэн зөрчлүүд их гарчээ. Тодруулбал, дэлгүүр, худалдааны төвүүд гадна талдаа хямдрал зарласан гэх боловч хямдралтай бараа бүтээгдэхүүн нь хараахан худалдаанд гараагүй, хямдралын хугацаа нь тодорхойгүй, хямдарсан болон хямдраагүй бүх бараа бүтээгдэхүүний үнийн шошгон дээр хямдрал зарласан мэт мэдээллийг байршуулсан, эсвэл үнийн шошгогүй, ямар төрлийн бараа хямдарсан нь тодорхойгүй боловч гадна талбайдаа 50-70 хувь хямдарсан мэтээр бодит бус сурталчилгаа явуулж байсан аж. Тиймээс ШӨХТГ-аас худалдаа, үйлчилгээний газруудад зөвлөмж хүргүүлж, цаашид хуулиар хориглосон зар сурталчилгаа, мэдээллийг түгээсэн, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл өгсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.