Британид нэг эрдэмтэн хүмүүсийн биеийн массын индекс (BMI-Body Mass Index) болон бэлхүүс-ташааны харьцааг тархины хэмжээтэй нь харьцуулж судлаад сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Биеийн илүүдэл жинтэй буюу гэдэсний таргалалт ихтэй байх тусам хүний тархины багтаамж нь бага байгааг энэ судалгаагаар тогтоожээ.
Судалгааны тайлан Америкийн Неврологийн Академийн “Neurology” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Дунджаар 55 настай, нийт 9,652 хүнийг судалгаанд хамруулжээ. Ингэхэд тэдний илүүдэл жинтэй, гэдэсний таргалалттай 1,000 орчим хүнийх нь тархин дахь саарал материйн хэмжээ дунджаас бага байсан гэнэ. Тархины энэ хэсэг өөрийгөө хянах, булчин, мэдрэлийг хянах үүрэгтэй байдаг. Үлдсэн 3,000 орчим хэвийн жинтэй хүний тархины саарал материйн хэмжээ ерөнхий дунджийн хэмжээнд байжээ. Бас байх ёстойгоосоо илүү жинтэй ч гэдсээрээ таргалалт багатай 500 орчим хүний саарал материйн хэмжээ дундаж түвшинд байгааг тогтоосон байна
. “Тархины бүтэц таргалалтад нөлөөлдөг үү, эсвэл таргалалт тархины бүтцийг өөрчилдөг үү гэсэн асуултын хариу тодорхойгүй байна” гэж энэхүү судалгааг хийсэн Марк Хамер мэдэгдэлдээ бичжээ. “Бид таргалалт болон тархины тодорхой хэсгийн агшилтын хооронд хэлхээ холбоо байгааг тогтоолоо. Цаашдаа энэ сэдвийг гүнзгийрүүлэн судлах нь тархины эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тустай юм” гэж тэр бичсэн байна. Гэхдээ хангалттай тооны хүнийг хамруулж чадаагүй тул нийт хүн амын хувьд энэ харьцаа батлагдахгүй байх магадлалтайг хүлээн зөвшөөрчээ.
Ямар ч байсан эхний судалгааны үр дүнг батлахын тулд илүү өргөн хүрээг хамарсан судалгаа хийх хэрэгтэй гэж Марк Хамер дүгнэжээ. Судалгааг гүйцэтгэхдээ Их Британий Биобанканд хадгалагдаж байгаа иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн санг ашигласан байна. Санхүүжилтийг Британий Эрүүл Мэндийн Судалгааны Зөвлөл, АНУ-ын Насжилтын Үндэсний Хүрээлэнгээс гаргажээ.
Эх сурвалж: Associated Press