УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2019.01.10 22:17 цагт) хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул байнгын хороо хаалттай горимд шилжсэн. Харин дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өмнө нь хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцсэн тул энэ жишгийн дагуу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, О.Баасанхүү нар ЖДҮС-гийн зарцуулалттай холбоотой асуудал олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа учраас нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналтай байгаагаа хэлж байлаа.
Ингээд асуудлыг хаалттай горимоор хэлэлцье гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад 14 гишүүний 8 нь буюу 57.3 хувь нь дэмжээгүй учраас Ерөнхий прокурорын саналыг нээлттэй хэлэлцэхээр болсон юм.
УЕП М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Байнгын хороод нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлэг 6 цагийн завсарлага авсан тул өнөөдөр (2019.01.11) хэлэлцэж шийдвэрлэнэ.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд дараах үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгааныг УЕП тайлбарлахдаа “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэв.
УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 1/93 дугаар бүхий “УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай” албан бичигт:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Салфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, УИХ-ын гишүүний 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичгээр “…3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор ту”с санд барьцаалах баталагааг гаргаж дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг хүргүүлж ЖДҮХС-гийн албан тушаалтнуудад …………байгуулахад хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-д заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3???? Дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэлалбан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөлб айдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ…
УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 1/92 дугаар бүхий албан бичигт:
УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зориллгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Хас говь транс” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол услын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 –р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ…
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 1/91 дугаартай албан бичигт:
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор мейк” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт огох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол услын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ…
УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 1/94 дугаар бүхий албан бичигт:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 4061 дугаартай “… төслийг дэмжиж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичиг хүргүүлж УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцож ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг зээл олгоход хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ… гэжээ.