-Энэ улсын эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, баян, боловсролтой. Гэхдээ тэд яагаад зовно вэ-
Гэр, нүүдэлчид, нум сум, айраг. Ажиглалт хийдэг бус ихэнх хүмүүсийн Монгол орны төсөөлөл гэнэ. Энэ улсын иргэд үнэхээр ч тал нутгаа чулуун ширэнгэ, амьд морьдоо төмөр хүлэг болгохыг яардаггүй. Гэхдээ соёл иргэншсэн ард түмний орчин үеийн үзүүлэлтийн нэг болох эмэгтэйчүүдэд хандах хандлагаар Монгол Улс бусдаасаа хол илүү явжээ. Алс холын цахилгаан, ус дамжуулах шугамгүй гэртээ галынхаа дэргэд суугаа өрхийн тэргүүн эцэг хүртэл охидоо яаран гэрлүүлэх бодолгүй, хот руу сургуульд сургахыг мөрөөднө. Тэгвэл дэлхийн хамгийн эрх чөлөөтэй эмэгтэйчүүд хэрхэн амьдарч байна вэ, юунд хамгийн их харамсаж байгааг “Лента”-д бичсэнийг орчуулан хүргэж байна. “Би дуу дуулах дуртай.
Гэхдээ дэлхий ертөнцөөр аялж, хөгжингүй орнуудыг үзэж, тэд Монголыг яагаад ядуу улс гэж нэрлэдгийг ойлгохын тулд онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг” хэмээн Хэнтийн аймгийн иргэн, 15 настай Халиунаа ярьж байна. Тэрбээр малчин эцэг эхийн хамт гэрт амьдардаг аж. Тэдний гэрт ус, цахилгаан, хий байхгүй. Харин өвлийн улиралд гадаа Цельсийн -40 градус хүрэх үед ажиллахад маш хүнд болдог. Халиунаа тал дээр сууцныхаа өмнө зогсож байгаад “ВВС” теле сувгийн зураг авалтын группийнхэнд зориулан уламжлалт дуугаа дуулна. Түүний хар үсийг салхи илбэж, ээмэг нь санжиганана. Охин гадаадынхны төсөөлдөг шиг амьдрал нь хүнд гэдгийг ч мэдэхгүй мэт инээмсэглэх аж. Өмссөн хувцас нь тод улаан дээл буюу босоо захтай, өвдгөө хүрсэн урт уламжлалт хувцас юм. Дээлийн загвар нь эрчүүд, эмэгтэйчүүд адилхан. Хэдийгээр монголчууд уламжлалаа хүндэтгэж, түүнийг сахидаг ч нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь өвгөдийн захиасыг тодорхойлохоо больжээ.
Гэрээс их бизнес рүү
Ажил эрхлэгч монголчуудын 1/3 орчим хувь нь Халиунаагийн гэр бүлийнхний адил гэрт амьдарч, мал аж ахуй эрхэлдэг. Малын мах бол ноос, арьстай зэрэгцээд тус улсын экспортын гол зүйлийн нэг юм. Саяхныг хүртэл Халиунаа шиг охид гэр бүлийнхээ замналыг л дагаж амьдардаг байлаа. Харин боловсрол эзэмших боломж, интернэт залуу монгол охидын нийтлэг хэв маягийг өөрчилж, өдгөө тэд илүү амбицтай, сайн бололвсролтой, өөрийгөө авч явах чадвартай, эцэг, эсвэл нөхрөөсөө хамааралгүй болж чаджээ. Буяа Улаанбаатарт нөхөртэйгөө хамт амьдарч, Хятадаас ачааны машины сэлбэг импортолдог компани эзэмшдэг.
“Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд илүү хүнд байдаг гэж бодохгүй байна. Миний бодлогоор монгол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хөдөлмөрч, дээрээс нь гэр бүлийн төсөвт тэдний хувь нэмэр илүү их” хэмээн тэрбээр үздэг. Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд 2014 онд тус улсын бүх компанийн 40 хувийнх нь эзэмшигч, хамтран эзэмшигч нь эмэгтэйчүүд байжээ. Хэдийгээр Буяагийн хэлж байгаагаар эрчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа байгаа гэх боловч судалгаанаас үзэхэд аль аль нь, ялангуяа хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд ижилхэн асуудалтай тулгардаг. Эрчүүдэд ч ажилд орох нь амаргүй байдаг аж.
Эрчүүдийн хувьд ч, эмэгтэйчүүдийн хувьд ч ажилд ороход нь хувийн хэлхээ холбоо, төрсөн газар, тэр ч бүү хэл төрсөн орд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин хүйс тийм ч их нөлөөлдөггүй.
Монгол Улс хэдийгээр харьцангуй цөөн буюу гурван сая хүн амтай, тал нь нийслэлдээ амьдардаг ч эрчимтэй хөгжиж байна. Улаанбаатар бол олон хүний төсөөлдөг шиг нүүдэлчдийн суурин бус, өндөр барилгууд, төрөл бүрийн шөнийн амьдралтай орчин цагийн хот юм. Энд мөн эмэгтэйчүүдийн асуудал гэр, хашааныхаа ажлыг амжуулах, хүүхдээ асрах зэргээр хязгаарлагдахгүй. Боловсролтой, амжилттай яваа залуу эмэгтэйчүүд тохирох ханиа хайж, баар, дисконы газраар явдаг байна. Учир нь тохирох ханиа олох нь маш хэцүү болжээ.
Хэтэрхий сайн
Нийслэлийн нэгэн шөнийн клубт байгаа хүмүүсийн ихэнх нь залуу бүсгүйчүүд. Тэд сайхан хувцасласан, боловсролтой аж. Тайзнаас стэнд-ап комэдийн залуус “Манай бүсгүйчүүд сайхан. Тэд сайн найз охид, гэхдээ тэд гаж” хэмээн хошигноно. Урд эгнээнд суугаа хэсэг залуус инээх боловч өнөөх “гаж” монгол охид хошигнолд нь тийм ч таатай бус байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд монгол гэр бүлүүд охиддоо хөвгүүдээсээ илүү хөрөнгө оруулалт хийжээ. Зарим нэг нь охидоо сүүлд нь өөрсдийг нь халамжилж анхаарна хэмээн үзэж нийслэл рүү сургахаар явуулна. Харин зарим нь охидоо орчин үеийн ашигтай дадалд суралцаасай гэж хүсч, мал малахыг хүнд, эрэгтэй хүний ажил гэж үзнэ.
Үүний улмаас “жендерийн тэгш бус байдал” эсрэгээрээ эргэжээ. Зарим мэдээллээс үзэхэд их, дээд сургууль төгсөгчдийн 62 хувь нь эмэгтэйчүүд аж. Үүний дээр эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл бага бөгөөд тэд эрчүүдээс дунджаар 10 жилээр илүү насална.
Өнгөц харахад таатай мэт энэ дүр зураг үнэндээ монгол эмэгтэйчүүдэд багагүй асуудал авчирдаг. Охид эцэг эхчүүдээсээ ялгаатай нь өөрт тохирох ханиа олж чаддаггүй. 1,5 сая хүн амтай нийслэлд л гэхэд эмэгтэйчүүд нь эрчүүдээс 60 мянгаар илүү байна. Үүн дээр нэмэгдээд хотод 15-аас дээш насны эрчүүдийн 40 орчим хувь нь гэрлэсэн бол эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 32 хувиас хэтэрдэггүй.
Хилийн чанадад магистрын зэрэг эзэмшсэн эдийн засагч асан нэгэн бүсгүй нэрээ нууцлан байж ойртон дотносох эрийг олон жил хайж байгаагаа хуваалцжээ. Тэрбээр 39 настай бөгөөд өдгөө эрчүүдэд ямар нэгэн онцгой шаардлага ч тавихаа больжээ. “Халамжтай, намайг байгаагаар минь л хүлээн авдаг бол боллоо. Өөр зүйл хүсэхгүй” хэмээн тэрбээр ярьж байна. Хөрш Хятадад охидыг сураад, бусдаас илүү гарч, өндөр цалинтай ажил ол, дараа нь карьерынхаа оронд гүнж шиг амьдруулах эрийг олж гэсэн бодит бус шаардлага тавьдаг бол Монголд эмэгтэйчүүд амжилтад хүрсний дараа түүнд тохирох эр олдохгүй болжээ. Тэд өрсөлдөөнд тэнцдэггүй юм хэмээн хилийн чанадад боловсрол эзэмшсэн, нийслэлийн нэгэн япон рестораны эзэн ярьж байна. “Би яг үүнийг мэдэрдэг. Миний найз нөхөд надад амаа хамхиад, тэнэг харагдаж, илүү олон асуулт тавьж байгаа гэж зөвлөдөг” хэмээн Ц.Мандухай хуваалцжээ. Охидын хэлсэн үгийг ч судалгаа баталж байна. Уг судалгаанд монгол эрчүүд эмэгтэйчүүдийг илүү их амбицтай гэх болжээ.
Тэдний хэлснээр энэ нь таалагддаггүй гэсэн байна. Ерөнхийдөө олонх нь монгол эмэгтэйчүүд нөхөргүй үлдэх эрсдэлтэй байхад яагаад өөрийгөө хөгжүүлэхэд маш их хөрөнгө хүч зарцуулдаг байна гэж боддог гэнэ. Ийм хандлагад ч тодорхой шалтгаан байдаг аж. 1990-ээд оны эхээр тус улсад хувьчлал эхлэхэд мянга мянган эрчүүд ажилгүй болжээ. Авхаалжтай нэг нь саятан болж, энгийн ажилчдын болонх нь архичин, ажилгүй хүмүүс болцгоожээ. “Эмэгтэйчүүд өдгөө эрчүүдийг их дээрээс хардаг болсон. Яагаад гэвэл эрчүүд тэндээс хоцрогдсон. Ямар ч эмэгтэйчүүд боловсрол муутай, хүмүүжилгүй, бүдүүлэг хүнтэй амьдрахыг хүсэхгүй.Нөгөөтэйгүүр эрчүүд эмэгтэйчүүдийг өөрөөсөө илүү баян, ухаантай хүмүүсийг хайдаг гэдэгт итгэлтэй байдаг” хэмээн Говьсүмбэр аймгийн Эрчүүдийн холбооны тэргүүн мэдэгджээ.
Хүлэг морьтой феминизм
Дэлхийн эдийн засгийн форумын эрчүүд, эмэгтэйчүүдийн байдлын ялгааны тухай баримтад дурдсанаар 2017 онд Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд 53 дугаар байрт бичигджээ. Харьцуулбал, АНУ энэ улсыг дөрвөн байраар түрүүлж, Орос бараг 20 байраар хойно явна. Энэ хоёр улсын хүн ам Монголынхоос хэд дахин олон гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд хүчирхэг, хараат бус байдагт гайхах зүйл үгүй. Тус улс бүхий л түүхэндээ эмэгтэйчүүдийн эрх ч байдаг, үүрэг ч байдаг Азийн цөөхөн нийгмийн нэг байсан юм. Гэр бүл, өрхийн аж ахуйд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Тал нутгийн хүнд хэцүү амьдралын нөлөөгөөр тэд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах ёстой байлаа.
Гэхдээ уламжлал ёсоор үхэр, адуугаа хариулахыг хэт хүнд хөдөлмөр хэмээж, энэ ажлыг ихэвчлэн нөхөр, хөвгүүд нь хийдэг байлаа. Энэ нь морь уралдахад ч хамааралтай. Харин өдгөө уралдаан тэмцээнд хүйс нэг их хамаарахгүйгээр морь хамгийн сайн унадаг хүүхдүүдийг сонгодог. 13 настай Г.Мичидмаа “эрийн гурван наадам” гэж нэрлэдэг уламжлалт монгол наадамд оролцохыг мөрөөддөг байна. Уг наадамд бөх, сур харваа, хурдан морьдын уралдаан болдог. Өмнө нь эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөггүй байсан бол өдгөө сүүлийн гурван наадамд хоёр хүйсийнхэн аль аль нь оролцож болдог болжээ.
“Би морь унах маш их дуртай. Ялангуяа хурдан морь унах сонирхолтой. Ямар ч хөвгүүд шиг хурдан уралдаж чадна. Зарим охид хурдан мориноос айж, эмээлээсээ муу бариад уначихдаг. Тийм болохоор тэднийг наадамд тийм ч их авдагггүй” хэмээн өсвөр насны энэ охин ярьж байна. Сүүлийн сонголтод Мичидмаа бас л орж чадаагүй, нэгэн хүүд ялагджээ.
Гэвч үүнд нэг их гутрахгүй, сэтгэлээр унахгүй байгаа бөгөөд цаашид дасгал сургуулилт хийхээр төлөвлөж байна. Ойрхи Дорнод, Дундад болон Зүүн Азийн бусад олон эмэгтэйчүүдээс ялгаатай нь монгол эмэгтэйчүүдийн үүрэг нь гэрийн ажлаар хязгаарлагддаггүй байжээ. Эрчүүд малдаа, дайнд, анд явсан хойгуур эмэгтэйчүүд бүх аж ахуйгаа хариуцаж үлддэг.
Эдийн засаг дахь ийм чухал үүрэг нь эмэгтэйчүүдийн эрх барих хүрээний статуст нөлөөлжээ. Түүхчдийн тэмдэглэснээр Монголын эзэнт гүрний их хаан, Юань гүрнийг үүсгэн байгуулагч Хубилайн ээж Сорхугтан-бэхи маш ухаантай, нөлөө бүхий эмэгтэй байжээ. Энэ нь мэдээж энгийн монгол эмэгтэйчүүдэд багаар нөлөөлсөн байна. Гэхдээ нөхөр нь дайнд амь үрэгдсэний дараа бэлэвсэн эмэгтэйчүүд Азийн бусад орон шиг амиа алдагсдын төрөл төрөгсөдтэй заавал гэрлэх, эсвэл тэдний гэрт очих албагүй. Тэд харин ч эсрэгээрээ нөхрийнхөө үүргийг өөртөө авдаг байлаа. Үүнээс гадна монголчууд эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болох, ариун байхад илүүтэй анхаарч, хуримаас өмнө сексийг зөвшөөрдөггүй байсан бол өдгөө энэ нь хатуу дүрэм журам биш болжээ.
Монгол Улсыг феминизмийн диваажин хэмээн нэрлэж болохгүй юм. Ямартай ч энэ бол Исланд биш, Норвеги биш. Монгол эмэгтэйчүүдийн илүү эрх чөлөө үргэлж эцгийн эрхт ёсоор хязгаарлагдаж иржээ. Эмэгтэйчүүд түүнчлэн бага цалин, эрчүүдийн ноёрхол, төлөвшсөн хандлагатай тулгардаг. Төрөөс тэднийг эмнэлгийн зохистой үйлчилгээгээр хангах, олон хүүхэдтэй эхийг дэмжих, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, хүнд байдалд орсон эмэгтэйчүүдийг дэмжих чадваргүй байна. Хөрөнгөтэй болсон олон эмэгтэйчүүд ТББ байгуулж, тусламж хүргэсээр байна. Учир нь хүссэн хүн бүр хилийн чанадад, тэр ч байтугай нийслэлдээ сурч чадахгүй байна.
Монголд гэр бүлийн хүчирхийллийн хууль алга. Эхнэр рүүгээ гар далайсан нөхрийг шийтгэхэд үнэхээр хүнд. Дээд тал нь түүнд захиргааны хариуцлага л хүлээлгэнэ. Үүн дээр хүчирхийллийн талаар нэрээ нууцлан мэдээлж болохгүй гэдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Тиймээс ч олон хохирогч чимээгүй байхыг илүүд үздэг. Тус улсад бэлгийн шинжээр нь гадуурхахыг хоригилох тухай хууль бий. Хэдийгээр тус улсын ажлын хүчний тал хувь нь эмэгтэйчүүд ч тэд урьдын адил биеийн хүч шаардсан, амь насанд аюултай үйлдвэрлэлд ажиллаж чаддаггүй. Зарим мэдээллээс үзэхэд тэд эрчүүдээс дунджаар 16 хувиар бага цалин авдаг байна. Үүнээс гадна парламентад гишүүдийн 17 хувь нь л эмэгтэйчүүд гэдгээс харвал бодит тэгш байдлын тухай асуудал үүсдэг юм.
**Монгол эмэгтэйчүүд хөөрхөн, боловсролтой, ажилдаа дуртай. Тэдний өмнө бүхий л хаалга дэлгээстэй, хэн ч тэдэнд өөрийн хүч зоригийг тулгадаггүй. Тэд эрх чөлөөтэй, хүчтэй, хараат бус. Тэд дэлхий дахины мянга мянган эмэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлж, эрчүүдээс олон талаараа давуу болжээ. Гэвч хүлээлтийн хажуугаар энэ нь тэдний толгойн гол өвчин нь болсон байна.