Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан нар гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 57.6 хувь нь дэмжлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа УИХ дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад УИХ-ын чуулган өндөрлөв.
Түүнчлэн хураладааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байгаа талаар тайлбарлан, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэн юм.