Төрийн эрх барьж байгаа хоёр намаа, төрийн дээд байгууллагуудад өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсээ ард түмэн таньж, ойлгож эхэллээ. Энэ намууд, энэ хүмүүс эх орон, ард түмнээ өөд нь татах гэж биш, харин цөлмөх, мөлжих гэж, кармаандаа банкны картуудтай, хадгаламжинд тэрбумаар тоологдох төгрөгтэй, офшорд хэдэн арван сая доллартай, үл хөдлөх хөрөнгө болон газрын олон гэрчилгээтэй, дээр нь ашигт малтмалын багц лицензтэй болох гэж л хот, хөдөөгийн сонгогчдыг цөөн хэдэн төгрөгөөр даллан “хошгируулсаар, хайр зарлан луйвардсаар” ирсэн юмсанжээ. Тэдний томчууд нь, нэгдүгээр ээлжийнхэн нь аль хэдийнэ зорилгоо биелүүлжээ. Улсынхаа үндсэн хууль зөрчиж байгуулсан “Стандартный бус засгийн газар” гээч баг, өмсгөл ашиглаад л АНУ-ын тэргүүн баячуудын зиндаанд хүрч, хороололд нь ч төвхнөөд авчээ. Тэдний гавъяаг нам, нам нь үнэлж бүр онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд болгон титэмжүүлээд хаантай, хатан хаантай улсуудад илгээдэг байгаа…
Хоёр намын хуйвалдаж байгуулсан шударга бусын коридоорыг нууц метро болгож тохижуулаад нэг зуу орчим хүний суудалтай “Тэрбумтны вагон” явуулж байх боломжтойг хоёр болон гуравдугаар ээлжнийхэн ч соргогоор олж харжээ. Овсгоо ч гэж ороолонгийнх л доо… Гэхдээ их мөнгө, их хөрөнгө, үлгэрт ч үгүй элбэг тансаглалын цаана луйвраар бүтээгдсэн орох хаалга, шууд л там руу холбосон гарах хаалга байгааг бирдүүд олж харсангүй. Тэдэнд билгийн нүд, ариун сэтгэл, холч ухаан заяадаггүй юм. Хувалз болтлоо цус шимж томроод л “улстөрийн амьд хүүр” болж үлдэх нь хүмүүн бирдийн тавилан заяа.
Ямар сайхан боломж, нөхцөлтэй, ямар их баялагтай, ямар их хичээл зүтгэлтэй ард түмнийг минь яаж хорлож, хохироож, хоослож, хуурч чадсаныг нь бодохлоор л тэдний нүгэл хэр их болох нь, оноогдох ял нь хэр хүнд болох нь тодорхой юм.
Бид гурван саяулаа элбэг сайхан, эрүүл жаргалтай, аюулгүй тайван амьдрах бүх нөхцөл, боломж байгаа юм шүү дээ. Гэтэл цөөн хэдэн цадаж ханахыг мэддэггүй улстөрчид, мөнгө хүүлэгчид, авлигачид олигархуудаас болоод өнөөдөр Монгол маань өрөнд ч дарагдлаа, өвчинд ч баригдлаа, согтуурал, мансууралд ч автлаа.
Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүллээ, залуус амиа хорлох нь ихэслээ, нялхсын эндэгдэл өслөө, утаа гамшиг боллоо, хөрс агаар бохирдлоо, зээлийн хүү 30-70 хувьтай байна, уул уурхайн лиценз цөөхөн гэр бүлийн гарт оржээ, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, өвчтөнд ор хүрэлцэхгүй байна, осол аваараар нас барагсдын тоо дайн байлдааны үеийн хохирлоос ч давжээ, төр засаг, шүүх, цагдаа, прокурор зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилж байна… гэхчилэн тоочоод байх аваас эх орон, ард түмэндээ хайртай хэний ч болов тархинд, зүрхэнд цус харвахаар болчихжээ.
Бүх төрлийн таваар, үйлчилгээ, тендер, тэмцээн, уралдаан, шагнал урамшил, мал аж ахуйн түүхий эд, бүр төрийн албан тушаал, банкны зээл бүгд л ченжүүд гэгддэг комбинаторуудын (залилан луйвардагчдын) нууц оролцоогоор дамжиж үнэ нь өсөж, авлига өгч байж л эцсийн хэрэглэгчдээ очдог болжээ. Хот, хөдөөг хамтатган үзэх аваас ченжүүдийн үүсгэсэн далд сүлжээ, мөлжигч давхраа хэдийнээ бэхжжээ. Мэдээлэлд ойрхноо ашиглаад, танил талаа ашиглаад, өндөр албан тушаал эзэлж завдсан төрөл саднаа ашиглаад л “мөнгө хийсээр” тэрбумтан болчихсон нууц мөлжигчид өнөөдөр шударга үйлдвэрлэгчдийн цусыг сорсоор л байна.
Ашгийн бус гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллагууд хүртэл нууцаар орлого, ашгийн хойноос хөөцөлдөж эмзэг давхрааны хүмүүсийг хохироосоор, бусдын зовлон гачаалаар хөлжиж хөрөнгөжсөөр байна. Хүний мөс, ёс суртахуун, нинжин сэтгэл, өглөг буян гэх мэтийн шинж, чанар улам л ховордсоор, хүмүүсийн орчин тойрондоо хандах байдал улам л хүйтэрсээр, бүр зэвүүцэл, үзэн ядалтаар дүүрэх төлөвтэй болжээ. Энэ бол монголын уламжлалт үнэт зүйлс эргэж сэргэхгүйгээр мөхөж болох аюулын дохио юм.
“Эрх барьж байгаа намуудын дотоодод төрийн албан тушаал бүхэн, их хэмжээний мөнгө захиран зарцуулах эрхтэй ажлын байр бүхэн үнэн хэрэгдээ далд дуудлага худалдаагаар эзэнтэй болдог” гэх шивнээ үг хотод ч, мөн хөдөөдөд ч дуулдах болжээ. Худалдаж авсан эрх, мэдлээ тэр хүн мөн л цааш худалдаж, авлига авч, тансагласаар л дөрвөн жилийг өнгөрөөдөг, ард түмэнд ашиг, тустай юу ч хийдэггүй ажээ. Энэнээс болж л Монголд маань олон талын гамшиг нүүрлээд байна.
Өнөөдөр хот, хөдөөгийн оршин суугчдын дунд цэнхэр ба ягаан тасалбарын ченж, Засгийн газрын нууц болон чухал тогтоолын ченж, өмч хувьчлах луйврын ченж, ашигт малтмал хайх болон олборлох лицензийн ченж, газрын наймааны ченж, банк-санхүү зээлийн ченж, албан тушаал олох, ашигтай ажилд оруулах ченж, их дээд сургуулиудын хүрээний ченж, ноолуур, мах, сүүний ченж, хүнсний ногооны ченж, газар тариалангийн хүрээний ченж, төр засгийн том шагналын ченж гэхчилэн эзэн холбогдогчдыг нэр заан ярилцах болсоор удлаа. Ченж бүрийн оролцоо, үйлчилгээ өөрийн гэсэн хатуу үнэлгээ, хувь, проценттой ажээ. Үнэ ханшийг нь ч нэрлэж, их багыг нь ч сурталчилж байх болжээ.
Таваар, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний нийлүүлэгч ба эцсийн хэрэглэгчийн хоорондох мөлжигч, завшигч давхраа бол төр, засгийн үйл ажиллагааны дутагдал, доголдол, сөрөг үр дагаврын нь бүтээгдэхүүн юм. Бүртгэл, тооцоо, хяналтын тусламжтайгаар, худалдаа гүйлгээний хүрээг оновчтой зохион байгуулах, удирдах арга, замаар өмнө дурдагдсан сөрөг зүйлүүдээс, ченжүүдээс нийгмийг чөлөөлөх хэрэгтэй байна. Эс тэгвээс учрыг нь ухаарсан түмэн олон зүй ёсны хилэнд автаж босож тэмцээд олигархуудын төрийн төмөр нударгатай халз тулж олон шударга иргэд, гэмгүй хүмүүс амь насаа алдаж олон зуун залуус баривчлагдаж хоригдол болж ч мэднэ. Түмэн олны тэмцэл, хөдөлгөөн хяналтаас гарах шиг аюултай үзэгдэл хаана ч байдаггүй. Түүнийг ухаантнууд тэнгэрийн дуу, аянгын ниргэлттэй л зүйрлэдэг билээ…
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? гэхчилэн нэгэнт буй болчихсон сөрөг зүйлүүд ёрын муухай үр дагаврыг ч үүдэж мэднэ. Болгоомжлох цаг мөч, тохироо ирчихжээ хүн ард аа!
Судлаач, профессор Д.Чулуунжав