Америкын цахилгаан хөдөлгүүрт автомашин, эрчим хүчний “Тесла” компанийн супер үйлдвэрийг Шанхай хотын Линьган үйлдвэрлэлийн паркт албан ёсоор байгуулж эхэллээ. Энэ нь Шанхай хотын түүхэн дэх гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн хамгийн том төсөл бөгөөд “Тесла” компанийн хувьд гадаад дахь анхны супер үйлдвэр юм.
Төлөвлөгөөний дагуу төслийн нийт талбай 860 мянган м.кв, нийт хөрөнгө оруулалт 50 тэрбум юань, үйлдвэрийн эхний шатны хөрөнгө оруулалт 16 тэрбум юань, жилд цахилгаан хөдөлгүүрт 250 мянган автомашин үйлдвэрлэх юм байна.
“Тесла”-гийн супер үйлдвэрийг судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтыг нэгтгэж, энэ оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтад орсны дараа жилд цахилгаан хөдөлгүүрт 500 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. Шанхай дахь үйлдвэрт эхний ээлжинд “Модел 3” загварын суудлын тэрэг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа бол, үүний дараа одоогоор нэрийг нь тодорхойлоогүй байгаа шинэ загварын машинаа үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
2017 онд “Тесла”-гийн Хятадын зах зээлд борлуулсан нийт хэмжээ 2 тэрбум гаруй ам.долларт хүрч, гадаад дахь хамгийн том зах зээл болжээ. Өнгөрсөн жил Хятад улс шинэ эрчим хүчний автомашины гадаад хөрөнгө оруулалтын хувьцааны хязгаарлалтыг чөлөөлж, “Тесла” Хятадад бие дааж үйлдвэр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай автомашины анхны компани болжээ.
1 comment
Ashiglasan tsahilgaanaa dahin ashigladag generator hiivel tsahilgaaniig tovlorson tovoos hangadag gesen oilgolt ard hotsrono