Нийслэлийн прокурорын газраас Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр (2019.01.08) хянан хэлэлцэв. Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт: Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150,000,000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.
1 comment
23 say tugruguur yal ugdug bol mongold vldeh alban tushaaltan bhgvi shvv dee