“МИАТ” компани өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэжээ. Үүнийг 2017 оны зорчигч тээвэртэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт бол энэ онд 760 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан байна.
Мөн 2019 онд БНХАУ-ын Шанхай, Гуанжоу, Японы Осака хот руу шинээр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөөд буй. Өнгөрсөн 2017 онд 25 онгоц засаж, нийтдээ 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа оруулж байсан бол 2018 онд 12 агаарын хөлөг зассан. Тоогоор нь хөөвөл засах онгоцны тоо багассан мэт боловч том төрлийн буюу Боинг 767- 300 агаарын хөлөгт ихэвчлэн засвар хийсэн. Энэ онгоц нь Боинг 737 -800 агаарын хөлгөөсөө хоёр дахин том онгоц. Тэр ч утгаараа хоёр дахин илүү цаг зарцуулж хоёр дахин илүү орлогыг компанидаа оруулж байгааг “МИАТ” компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйлдвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав онцлов.
Түүнчлэн “МИАТ” компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэх зорилгоор шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болжээ. Эдгээр онгоцны эхнийх нь энэ сарын 21-ний өдөр Монголд ирнэ. “МИАТ” компани “Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байгаа аж.