УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа тус намын УТЗ-өөс хүргүүлсэн тогтоол, зөвлөмжийг хэлэлцэж, цаашид зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэхүү зөвлөмжид УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй, үүнийг гишүүд санаачилж хэрэгжүүлэх тухай дурьджээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын дотоод хагарал төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ гэж дүгнэж байгаа. Энэ чадамжгүй байдал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, МАН-ын сонгуулиар өгсөн амлалтаар тодорхой болсон гэж харж байгаа. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал төрийн институци хоорондын зөрчил болж гүнзгийрэн хувирсан. Үүнээс улбаалан УИХ үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжгүй болсон байна. Эрх баригчдын дотоод хагаралыг нэн яаралтай зогсоох шаардлага бодит зүйл болжээ. Хагаралын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж байсан 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн олон хууль зөрчсөн үр дагаварууд, авлигатай шууд холбогдож байгааг хаа хаанаа зайлшгүй анхаарах цаг болсон байна. Өнөөдөр асуудал хуримтлагдсаар эндээс гарах шийдэл байхгүй болсон. Төрийн алба бүрэн дампуурсан. Авлигыг зохион байгуулалттай хэлбэрт шат шатанд оруулсан. Төрийн сангуудаас зохион байгуулалттайгаар хулгай хийх үүд хаалгыг нээсэн. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагыг талцуулж эхэлсэн. Үүнээс гадна энэ бүх бузар булай хэргүүддээ өшөө авах хэрэгсэл болгож эхэлж байгаа нь энэ төрийг институцийнх нь хувьд бүхэлд нь дампууруулж байгаа хэрэг яах аргагүй мөн. Хууль хяналтын эрхийг нэг талд гаргахын төлөө өрсөлдөөн болж хувирсан. Энэ бүх шалтгаануудыг харвал үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд ямар ч ажил явуулж чадахгүй нь тодорхой болсон. Эцэст нь дүгнэхэд, УИХ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болжээ. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа нь Ардын нам хэзээ ч эвлрэхгүй гэдгийг илэрхийлж байгаа дохио гэж харж байгаа.” гэв.
З.Нарантуяа гишүүн мөн энэ үеэр хэлсэн үгэндээ “Энэ хагаралдааны гол үндсэн зөрчил бол 60 тэрбум, ЖДҮ, концесс гээд бусад хууль бус олон зүйлийг эвтэй байхдаа нуудаг, хагаралдахаараа гаргаж тавьдаг, хэн нь ч жинхэнээсээ энэ хууль бус зүйлийн төлөө тэмцье гэж зүтгэл гаргахгүй байгаагаас болж байна гэж үзэж байгаа. М.Энхболд 40 гишүүн нь хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагыг хүлээж авахгүй байгаа нь төрийн институцийг хагаралд хүргэж байна” гэсэн юм.
УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх ажилдаа АН-ын бүлэг маргаашнаас ханцуй шамлан орж, хууль санаачилна гэдгээ мэдэгдлээ. Хууль санаачлах ажил гэдэг нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолыг боловсруулж, нийт гишүүдээр гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлэх юм байна. Үүнтэй зэрэгцүүлээд Сонгуулийн тухай хуулийн 8.5.1-ийг үндэслэн Ээлжит бус сонгууль явуулах тухай тогтоолын төслийг өргөн барих ажлыг зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг АН-ын бүлэг өнөөдрийн хурлаар хэлэлцээгүй байна. Тус бүлэг УИХ-ыг тараах, ээлжит бус сонгуулийг хийх нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиас ч илүү чухал ач холбогдолтой гэж үзжээ.
УИХ-ын намрын чуулганаар 23 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн боловч ганцхан Төсвийн тухай хуулийг баталсан гэдгийг энэ үеэр тодотгож байлаа.