АН-ын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гарагт (2019.01.05) хуралдаж, дараах улс төрийн шийдвэр гаргасан байна. Тус намын зүгээс УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН-ыг өнгөрсөн хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо батлан харууллаа хэмээн үзэж, УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай явуулахыг шаардан, улс төрийн Мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийллээ.
Мэдэгдлийг танилцуулсаны дараа тайлбар хийлээ. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн үгэндээ “УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогссон, Засгийн газрын бүрэлдэхүүн дутуу байгаа, Нийслэлийн хувьд Засаг даргагүй шинэ оныг угтсан, Цагаан сар хүртэл шинэ даргатай болж чадахгүй гэсэн мэдээлэлтэй байна. Завхан аймгаас бусад бүх орон нутгийнхан хуваагдсан байдалтай байна. Бүх шатны байгууллага нь хуралдах, шийдвэр гаргах чадвараа алдсан нөхцөл байдал, гацаанаас гарахын тулд ээлжит бус хуралдааныг хурлдуулах мэдэгдэл гаргаж байна.
Эрх баригчдын бий болгосон зүйл дээр ард түмнээр дүн тавиулъя. Утаатай улиралд сонгууль явуулаад үзвэл дүн ямар гардаг юм бол, илүү бодитой үр дүн гарна гэж үзэж байна.” гэлээ.
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Маш олон өгсөн амлалт нь 100 хувь эсрэгээрээ эргэсэн гэсэн дүгнэлтийг өгч байна. Гурван жилийн хугацаанд МАН 4 орчим тэрбум ам.долларын өрийг шинээр бий болгосон. Үүний үр дүнг тайлангаа хэлэлцүүлэхгүй байгаа. Ямар агентлаг, яам, байгууллага хэдэн төгрөгийн зарцуулалтаар юу хийснээ тайлагнахгүй байна. Тиймээс ямар ч ажил хийгдээгүй гэдгийг хэлмээр байна. Эрх баригчдын өнөөгийн үйл ажиллагаанд ямар ч амлалт, мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй.
УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль зохион байгуулах шаардлагатай гэж үзээд АН-ын бүлэгт чиглэл өгчээ. Үүнийг ямар байдлаар асуудал тавихаа АН-ын бүлэг хуралдаанаараа шийдвэрлэнэ. Л.Болд гишүүн гишүүнийхээ эрхийг эдлээд явах эрхтэй. Намаас хөөх тухай дүрмийн заалт байхгүй. Дүрмийн заалтаар Л.Болдыг намын гишүүнчлэлээс хасах талаар ямар нэгэн зүйл яригдаагүй байгаа.” гэсэн тайлбарыг өглөө.
2 comments
AN ch gesen tatn buugdval taarna. uls turiin yamar ch chiglelgvi heden hvnii huviin company shig bolchood bgaa
Энэ бүхний эхлэлийг АН/Авилгачдын нам/ өөрсдөө эхэлснээ ард түмнийг мэдэхгүй гэж эндүүрэн бодсон бололтой.ккккк