Хятадын Чан Э-4 тандагч аппарат сарны дэлхийд харагддаггүй тал буюу умард өргөргийн 45.5 градус, дорнод уртрагийн 177.6 градусын ойролцоо өчигдөр (2019.01.03) 10 цаг 26 минутад амжилттай газардаж, “Шаазгайн гүүр” буухиа хиймэл дагуулаар сарны дэлхийд харагддаггүй талын анхны бодит зургийг хамгийн ойрын зайнаас авч эх дэлхийд илгээсэн байна. Энэ нь хүн төрөлхтний он удаан жилийн хүсэл мөрөөдөл болсон сарны нууцыг анх удаа нээн илрүүлсэн онцгой үйл явдал боллоо.
Хятадын станц газардсан сарны хэсэг нь 2500 орчим километр диаметртэй нэн эртний тогоо юм. Энэ тухай өчигдөр (2019.01.03) бид мэдээлсэн билээ.
Чан-Э-4-ийг 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Хятадын Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн аж. Тандагч аппарат сарны цаад талын товлосон бүсэд буюу дэлхийд харагддаггүй талд зөөлөн газардаж, мэдээлэл дамжуулснаар хүн төрөлхтний сарны судлал, хэмжилтийн шинэ хуудсыг нээлээ.
Саран дээр газардсаныхаа дараа, газрын гадаргуугийн хяналтан дор “Шаазгайн гүүр” хиймэл дагуулын мэдээлэл дамжуулах сувгаар дамжин Чан Э-4 тандагч аппарат нарны эрчим хүчийг хураах төхөөрөмж, чиглэлтэй антеныг дэлгэх зэрэг олон ажил амжуулжээ.
Чан Э-4 тандагч аппарат нь газардах төхөөрөмж болон хайгуулын төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд найман үүрэг бүхий ачаалагчтай аж. Эдгээр төхөөрөмж нь хайгуул, хэмжилт хийх замаар бага давтамж бүхий одон орны ажиглалт судалгаа, хайгуулын бүсийн дүр төрх, ашигт малтмал, сарны өнгөн давхаргын бүтцийн судалгааг хийж, сарны дэлхийд харагддаггүй талын нейтроны цацрагийн хэмжээ, саармаг атом зэргээр сарны орчныг шинжлэн судлах юм байна.
2007 онд анхны тандагч аппарат “Чан-Э-1”-ийг хөөргөснөөс хойш Хятад улс ийнхүү сансрын 4 төхөөрөмж хөөргөөд байна. Хамгийн сүүлд 2013 онд Чан-Э-3 аппарат нь сарны наад талд буюу дэлхийд харагдах талд газардаж байжээ.
Урьд нь хөөргөж байсан сансрын гурван төхөөрөмж нь сарыг тойрох, сарны гадаргууд газардах үүрэг гүйцэтгэж, сарны гадаргын бүтэн зураг, сарны гадаргын гурван хэмжээст зураг авах, сарны ойролцоох тойрог замын орон зайн орчныг тандах, сарны гадаргын химийн элементийг шинжлэн судлах үүрэг гүйцэтгэжээ.