Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлалаа. Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финландын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорчээ.
Өнгөрсөн жилийн Будапештэд болсон ДАШТ-д эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд аваргалсан Д.Тэйлор чансааны 112 оноог авсан юм. Тэрбээр дэлхийн аварга болоод зогсохгүй Пан Америкийн АШТ, Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд аваргалсан.
Финланд улсаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аварга П.Олли өнгөрсөн жил ДАШТ-ээс гадна ЕАШТ, “Клиппан опен” эмэгтэйчүүдийн ОУТ-д түрүүлж, Польшийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртэж, нийт 110 оноо цуглуулсан билээ.
Сонгомол бөхийн 82 кг-ын жинд дөрвөн жилийн дараа дэлхийд хоёр дахиа түрүүлсэн Унгарын 35 настай бөх П.Бачи 82 оноо авч тэргүүлжээ. ДБНХ-ноос шилдэг тамирчдыг 10 мянган швейцарь франкаар урамшуулсан байна.