Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үнэтэй эшлэлүүд

1, “Хүний чанарыг он цаг шалгадаг юм

2,“Шүлэг найраг бол надаас салахгүй эд.

Бүр зүүдэндээ хөөцөлдөөд, хамт унтдаг юм шүү дээ”

3, “Хүн эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн.

Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан”

4,“Хажууд хүүхэд “Ээжээ” гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би энд үхтлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм”

5, “Ид зохиол бичиж байхад, ид сайхан шүлэг бичиж намайг улсууд магтаж байхад түүнд нь биш, өөрийгөө хагас таньсандаа хөөрөөд, хүн болгон л жижигхэн харагддаг байсан. Тийм үе надад байсан. Тэрийгээ гайхуулж, архи ууж сагсраад, би гээд яваагүй хүн шүү дээ. Гадагшаа гаргалгүй, тэвчиж өнгөрүүлсэн шиг байгаа юм”

6, “Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг”

7,“Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна”

8 “Хүний харааны хурд муу болохоор харж чаддаггүй л болохоос биш бид эртний их сүнсүүдтэй хамт байгаа гэж би боддог. Магадгүй, аавын минь сүнс намайг тойрон эргэж байгаа байх. Амьдад нь баярлуулж чадаагүй ч сүнснийх нь өмнө алдасгүй байх сан даа”

9, “Авьяас билэгтнүүд арьсгүй юм шиг мэдрэмтгий. Тэдний гомдох баярлахын зай хоорондоо их ойрхон. Өгөгдсөн нөхцөл ийм болохоор гоц гойд шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг л хүлээж авна уу гэхээс ажиллагааны тогтсон уламжлалын үргэлжлэлийг хүлээж авдаггүй хүмүүс байдаг”

10, “Та нар залуу насыг залуу юм шиг эдлэ л дээ. Ухаарч сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л явдаа. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихсөн бол харамсана. Залуу насыг залуу чигээр нь л эдэл. Маяковский “Сор нь гялалзсан борхон арьс шиг содон чимэг хаана ч байхгүй” гэж бичсэн юм шүү дээ”

11, “Улс төр гэдэг өөрийгөө бодсон хүмүүст их амттай юм шиг байгаа юм. Өрөөлийг гэдэг хүнд гашуун юм шиг байгаа юм”

12, “Шинэчлэлийн хариуг би цэрэгт явсан хүүгээ хүлээхтэй адил хүлээдэг. Хэчнээн жил ч хүлээв дээ, ерөөсөө хариу ирэхгүй л байна…”

13, “Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй”

14, “Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй”

15, “Би гэдэг Эхийнхээ хэвлийд арван сар

Уруугаа урган ургаж

Эх газарт хүрүүтээ

Дээшээ урган ургасан

Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал”

One thought on “Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үнэтэй эшлэлүүд

  1. Чимгээ 2019-01-04 11:23 at 11:23

    Агуу хүн агуугаараа л байх юм даа. Энх тунх байгаасай.

    Хариулах

Чимгээ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн