Байгалийн гамшиг, гэнэтийн ослын тэргүүн эгнээнд явдаг ОБЕГ-ын аврагчдын эгнээнээс шинэ оны босгон дээр Үйлчилгээний гавьяат ажилтан төрлөө. Онцгой байдлын байгууллага зургаан гавьяаттай. Харин өчигдөр (2018.12.28) цол тэмдэгээ авсан Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч, ахлах ахлагч Ж.Баяртогтох энгийн аврагчаас төрсөн анхны залуу гавьяат болж байна.
Залуу гавьяат 2005-2018 онд Аврах тусгай ангид аврагчаар, 2018 оноос Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагчаар тус тус томилогдон, төрийн тусгай албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. 2007 онд БНСУ-д “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны, 2009 онд ОХУ-д “Гүний шумбагч” бэлтгэх, 2012 онд Япон улсад “Газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад хамрагдаж, БНХАУ-д хаданд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байжээ.
Мөн Увс аймгийн Хяргас нууранд осолдсон 8 иргэний цогцос, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд осолдсон 7 иргэний цогцос, Улаанбаатар хотод Засгийн газрын бааз нурж нурангинаас 1 иргэний цогцсыг тус тус гаргаж ар гэр болон хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
2009 оны 06 дугаар сард Нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн Таван салааны болон амралтын газрын гармуудад үер, усны голомтод ажиллан живсэн 2 нэгж техникийг татан гаргах, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны 18 ажилтан, 4 хүүхдийг усаар гаталгах болон аюулгүй газарт зөөвөрлөх ажиллагаанд оролцож мөн оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сод-Монгол” шатахуун түгээх станцын зүүн талд нам дор буусан айлууд усанд автах үед аюулын нэгдүгээр зэрэглэлийн бүсээс блокны үйлдвэрийн граж руу орж 40 орчим насны 2 иргэний амь насыг авран хамгаалах ажиллагааг завьтайгаар хийж гүйцэтгэсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медалиар, мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр сайшаагдсан.
2009 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн үер усны гамшгийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Цэргийн хотхон орчим буусан айлууд усанд автах үед аюулын нэгдүгээр зэрэглэлийн бүсээс 8 гэр нүүлгэн шилжүүлж, усанд автсан 4 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг шуурхай зохион байгуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан байна.
2010 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг “Хар усан тохой” орчимд усан осолдон живж байсан 5 иргэнийг аварч, Хан-Уул дүүргийн Богдхан ууланд төөрсөн Англи улсын иргэнийг эрэн хайх, Сүхбаатар дүүргийн нутаг “Санзай” амралтын ойролцоо төөрсөн 12 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг удирдан ажилласан.
2010 онд Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр зэрэг сумдын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын усанд осолдсон иргэний цогцсыг 44 м гүнээс гарган хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, мөн Нийслэлийн Налайх дүүргийн нүүрсний уурхайд дарагдсан 7 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж ирсэн.
2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Адуутын ам” гэдэг газар “НИК” ХХК-ийн тус аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин “Хөвсгөл” нууранд осолдож, нэг иргэн нас барсан ослын дуудлагаар өдөртөө 24-26 градус, шөнөдөө 34-36 градус хүйтэнд 20 метрээс цааш үзэгдэх орчин маш хязгаарлагдмал орчинд үүрэг гүйцэтгэж, аврагч нарын усны гүнд амьсгалдаг хүчилтөрөгчийн бортогоны агааржуулах хоолой болон амьсгалын зуувч хөлдөх, нүд улайх, зарим аврагч азотын хордолтод орж ухаан балартах зэрэг байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд 7 хоног үүрэг гүйцэтгэхдээ эргээс 220 метрийн зайд, 54 метрийн гүнд 13.2 тонн шатахуунтай 2 автомашиныг нуураас татан гаргах ажиллагаанд аврагчдын аюулгүй байдал, техник, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, 192 метр куб мөсийг хагалж зурвас гаргах, байгаль орчинд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх аврах үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган бүлгээ амжилттай удирдан зохион байгуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 онд “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан.
Япон улсад тохиолдсон газар хөдлөлтийн улмаас үүссэн Цунамигийн гамшгийн голомтод 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд Монгол улсын эрэн хайх, аврах ажиллагааны анхны багт орж Япон Улсын Мияги мужийн Сандэ хотод эрэн хайх, аврах ажиллагааны бүлгийн бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханган, аврах ажиллагааг өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэсэн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагдсан байна.
2017 онд Минжин хангайн түймэр, Сэлэнгэ аймаг зүүн бүрэн сум усны эрэл, Туул гол усны эрэл, Завхан аймаг Отгон сум Отгон тэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
Онцгой байдлын байгууллагад ажиллах хугацаандаа Төв, Хэнтий, Хөвсгөл, Булган, Архангай, Завхан, Баянхонгор, Сэлэнгэ, Говь-Алтай зэрэг аймгуудад гарсан ой, хээрийн түймэр унтраах ажилд 60 гаруй удаа томилогдон 720 гаруй хоног үүрэг гүйцэтгэж, олон мянган га ой мод, малын бэлчээр, 1000 гаруй айл өрх, эд хөрөнгө, 3000 гаруй тонн хадлан тэжээлийг гал түймрийн аюулаас авран хамгаалж галын аюулд өртөн амь насаа алдаж болзошгүй 1500 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан.
Үер усны гамшиг ослын үед усанд осолдсон 45 иргэний цогцсыг эрэн хайж ар гэр болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Усанд хашигдсан 5000 гаруй толгой мал, 18 иргэний амь насыг аварч, 60 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцож албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж иржээ.
Иймд ахлах ахлагч Ж.Баяртогтохын Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл гарган, хамт олноо хошуучлан ажиллаж, Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Ингэж л тэр төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Тэр бол гавьяат цол хүртэх гавьяатай хүн. Энэ хугацаанд ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10 тонн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргаж, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцжээ.
Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамигийн дараах сэргээн босгол, Африкийн Өмнөд Суданд Энхийг дэмжих ажиллагаа, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж байжээ.