Нэг: Монголын ирээдүй, оюун ухааны гайхамшгууд…
2018 он Монголчуудад гэрэл гэгээтэй сайхан мэдээг ч дуулгасаар байлаа. Тэдний нэг нь Монголын Оюун Ухааны Академийн хүүхэд, залуучуудын амжилт. Тус академи дээр цугларсан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд энэ онд Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Автри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын тэмцээнүүдэд оролцож медалийнхаа тоог 879 болгож дэлхийн олон дээд амжилтыг үзүүлсэн байгаа.
Олон улсын Их мастер Э.Лхагвадулам, Олон улсын Их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болсон. Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар Дэлхийн холбооны шинэ мастерууд болсон байна.
Хоёр: Улаанбаатарын амьдрал зогсов
“Дулааны цахилгаан станц-IV”-д гэмтэл гарч есдүгээр сарын 15-ны өглөөний 10.00 цагаас үдэш хүртэл улсын нийслэл Улаанбаатар нийтээрээ гэрэл цахилгаангүй болов. Нийслэлчүүдийн амьдралын хэв маягыг эвдсэн, ахуйн асуудлуудыг тасалдуулсан энэ хэрэг явдал төвийн шугамын халаалт арай эхлээгүй, хүйтний эрч чангараагүй байхад өрнөсөн. Энэ нь нийслэлчүүдийн хувьд азтай хэрэг байв.
Улаанбаатарын амьдрал зогсож, зүрхний хэм алдагдсан энэ хэрэг явдалд Эрүүл мэндийн салбарынхан ширүүхэн өртсөн байгаа. Энэ цаг мөчийг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд эрчим хүчний нэмэлт нөөцөөр даван туулж, өвчтнүүдийнхээ амийг аварлаа.
Үйл явдлын дараа Эрчим хүчний сайд мэдэгдэл хийхдээ хэрэг явдлыг тоожиргүйхэн тайлбарлаж “Хэрвээ бид усан цахилгаан станцтай байсан бол товчлуур дараад л шийдчих байлаа” гэж хэлсэн байгаа. Харин хариуцлагын асуудлыг хэн ч сөхөн хөндсөнгүй.
Гурав: Шатахууны үнийн өсөлт ба иргэдийн ядуурал
2018 онд импортын чухал бүтээгдэхүүн шатахууны үнэ 47 хувь нэмэгдээд байна. Гэвч шатахууны үнийн өсөлтийн эсрэг Засгийн газар ямар ч арга хэмжээ авсангүй. Үнийн өсөлт дэлхийн зах зээлд нэмэгдсэн нефть, шатахууны өсөлтөөс хамааралтай гэдэг үгээр ам тагласаар ирсэн.
Арванхоёрдугаар сарын эхээр Засгийн газар АИ 92 шатахууныг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсныг эс тооцвол импортын бүтээгдэхүүний үнийг зоргоор нь тавиад туучихав. Хожуу, нэр төдий ёслон буулгасан шатахууны үнийн 100 төгрөг нэгэнт өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ч өөрчлөлт оруулж чадсангүй. Үүнтэй зэрэгцэн айл өрхийн амьжиргааны түвшин улам буурч, ядуурал дахин мэдэгдэхүйц өслөө.
Дөрөв: Улаанбаатар 873 удаа газар хөдлөв
Энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн гэдгийг албаныхан мэдээлсэн. Газар хөдлөлтийн тоо 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өсч, газар хөдлөлтийн идэвхжилт буураагүй гэдгийг харуулав. 2015 он гэхэд 107 удаа газар хөдөлсөн байна.
Хүн төрөлхтний амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн энэ гамшиг зуд турхан, ган гачиг, үер усны гамшиг шиг хэсэг бусагхан газар нутгийг хамардаггүй. Хүн ардын сэтгэл зүй, амь амьдралыг хоосруулж оддогоороо хамгийн их хөнөөлтэй. Газар хөдлөлтийн тоо нийслэлчүүдийг энэхүү гэнэтийн байгалийн гамшгаас хамгаалах чадварт суралцахыг сануулж байгаа юм.
Тав: Хүүхдүүд гэнэтийн ослын золиос боллоо
Иргэний үүргээ биелүүлдэггүй томчууд, хариуцлагаа үл тоосон аж ахуйн нэгжүүдийн золисонд хүүхдүүд өртөж олноороо амиа алдлаа. СХД-т үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн цахилгааны утсанд цохиулж амь насаа алдсан 11 настай хүү, БЗД-ийн дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт цохиулж амиа алдсан хүү, “Очир төв” зочид буудлын өрөөнд гэмт хэрэгтнүүдэд хүчирхийлүүлж, амиа алдсан 13-хан настай бяцхан охин. Үүнээс гадна 2018 оны арван сарын байдлаар 36 хүүхэд автозамын ослоор амь үрэгдээд байна. Тэд томчуудын хайхрамжгүй, хариуцлаггүй үйлдлийн золиос болсон юм.
Зургаа: Багш нарын болон эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргав
Эрүүл мэнд, боловсролын салбарынхан 2016 оноос эхлэн Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Гэвч нааштай хариу авч чадахгүй байсан эмч багш нар энэ намар тэмцлээ хурцлав. Долдугаар сарын 5-наас бүх шатны эмнэлгүүд ажил хаяхаа зарлан эмч нар үсээ хүртэл хуссан бол Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үеэр багш нар 14 хоног ажил хаяж цалингаа 20 хүртэл хувь нэмүүлэх шийдвэрийг гаргууллаа. Шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Долоо: Авлигын хэрэгт сэжиглэн экс ҮАБЗ-ийн гишүүдийг баривчлав
УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан хүмүүст 2016, 2017 он тайван суух боломжийг олгоогүй. Хөгжлийн банк, бондын мөнгөний эрэн сурвалжлага, авлигын хэрэг хүрээгээ тэлсээр 2018 онд ч баривчилгаа тасарсангүй. Гэхдээ энэ онд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хоёр Ерөнхий сайд, экс ЗГХЭГ-ын дарга, экс ТЕГ-ын дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар авлигын хэргээр саатуулагдлаа.
Дөрөвдүгээр сарын 9-нд Ерөнхий сайд асан С.Баяр “Оюу толгой”-н гэрээ, офшор данс, Ч.Сайханбилэгийг “Дубайн гэрээ”-ний асуудлаар саатуулагдаж, гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь нийтийн анхаарлын төвд орсон сэдэв боллоо. Энэ баривчилгаа албан тушаалаа урвуулан ашиглаж болохгүй гэдэг санамжийг одоо ажиллаж байгаа, хойшид ажиллах хүмүүст өгч чадсан болов уу гэж найдаж байна.
Найм: Улс төрийн тогоонд ЖДҮ-чдийн арми төрлөө
Улсын төсвийн 31 хувь нь төвлөрч байдаг тусгай сангуудын нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хөнгөлөлттэй зээл аваад баригдлаа. Жинхэнэ ЖДҮ-ийнхэнд очих ёстой зээлийг дээрэмдсэн сайд нар, УИХ-ын гишүүдийн эрээгүй үйлдлийг эсэргүүцсэн давалгаа хот, хөдөөгүй үүсэв.
ЖДҮ-ийн сангаас нийт 65 тэрбум төгрөгийн зээл гарсан бөгөөд үүнээс хувь хүртсэн сайд, гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход кноп дарсан хүмүүс. Энэ дуулиан Засгийн газрыг ичээж байгаа тул зохион байгуулалттай ЖДҮ-г мартуулах аян аяндаа үүсэв.
Түүний нэг нь УИХ-ын даргаа огцруулна гэсэн УИХ-ын гишүүдийн тэмцэл, жагсаал цуглаан болж байна. Зээл авсан УИХ-ын гишүүдийн ядуухан тайлбар өгч, олноороо муухай харагдав.
Албан тушаалаа урвуулан ашигласан, төрд ажиллаж байгаа давуу байдлаа гэр бүл, танил талдаа ашигласан эдгээр улстөрчдөд хариуцлага тооцох мехианизм төрд бий ч, хариуцлага тооцох сэтгэлтэй албан тушаалтан тодорсонгүй. Монголын улс төрд хариуцлагын салхи сэвэлзэх нь үү, үгүй юу гэсэн нийгмийн асуултын хариуг хэн ч өгч чадсангүй. Олон нийт харин ЖДҮ-чин гишүүдийг дахин УИХ-ын босгоор давуулахгүй байх асуудлыг хөндөж байна.
ЕС: Эрх баригч улс төрийн нам Монголын төрийг хямралд оруулав
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үеэр хоёр хуваагдсан эрх баригч МАН-ын УИХ дахь 65 гишүүний хуваагдал 2018 оны эцэс гэхэд Монгол төрийг хямраах хүртлээ хурцдав. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талыг баримтлагчид ЖДҮ-гээс 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аваад байгаа.
Нөгөө талд 60 тэрбумынхан хэмээн нэрэгдэгдсэн УИХ-ын дарга М.Энхболдын талынханд У.Хүрэлсүхийн шахалт үзүүлж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөсөө гаргасан.
Д.Хаянхярваа санаачилж, М.Энхболдын талыг баримтлагчид гэх 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар оролдсон ч УИХ-ын 40 гишүүний дэмжлэгтэйгээр нэг удаа уснаас хуурай гараад байна. У.Хүрэлсүхийн танхимыг аварч үлдсэн гишүүдийн ихэнх нь ЖДҮ-гээс зээл авсан хүмүүс. МАН-ын талцал ид үргэлжилж байна.
У.Хүрэлсүхийг дэмжигчид УИХ-ын нэгдсэн чуулганд оролцохгүй байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцортол нэгдсэн хуралдааныг бойкотлоно гэж байгаа. Оны төгсгөлд чуулганы хуралдаан найман удаа хойшлоод байна.