Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе.
Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид, нэн түрүүнд баясгалант хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.
Шинэ оны сэтгэл сэргээсэн гэрэлт өнгө, алдрай үрсийн минь сүлд модтойгоо ижилссэн баяр жаргал хамгийн сайхан байдаг билээ. Монголын ирээдүй бол хүүхдүүд юм. Тиймээс шинэ онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг гэж ерөөмөөр байна.
Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.
Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийж, томоохон үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн мөнгө”-ний хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж, хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн, “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэж байна.
Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ. Үүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэж байна. Ирэх онд төр засгаас хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх эрмэлзлийг бадраасан сайхан жил болоосой гэж хүсэж байна.
Ажлын байр аль болох олноор нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх таатай боломж бүрдэж, зээл дэмжлэг жинхэнэ эзэддээ хүрч байх нь чухал бөгөөд энэ талаар төр засаг онцгой анхаарах шаардлагатай байгаа.
Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.
Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.
Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.
Шинэ оноо угтах баярын энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт нас, дунд үеийнхэн, залуус багачууддаа амжилт бүтээл, итгэл эрмэлзлийг ерөөе.
Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
2019 он айл бүрт өнгө гэгээ, хүн бүхэнд баяр жаргал авчрах болтугай.
Сайхан баярлаарай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
2 comments
шинэчлэлийг хүсэхгүй л байна даа?
Та зайгаа тавихгүй бол их л зовлонд оров доо. Удам судараа хэдэн үр хүүхэд ээ бодох цаг. Одоо цадах нь өөрт чинь л өлзийтэй байх. . .