Дарга нар ажилтнуудынхаа хамаг хүч хөлс, шим шүүсийг шахаад байгаа мэт санагддаг уу. Тэгвэл таныг гайхшируулах нэгэн мэдээг дуулгая. Дэлхий дээр ажлын өдрийн тоог багасгах хөдөлгөөн аль хэдийн өрнөөд эхэлжээ.
Ажлын өдрийг долоо хоногийн дөрвөн өдөр болгон бууруулсан дэлхийн компаниуд бүтээмж дээшилж, ажилчдын ажиллах эрч хүч нэмэгдэж, алдагдал буурч байгаа тухай мэдээлсэн байна. Шин Зеландад л гэхэд Perpertual Guardian трастын компани долоо хоногийн 32 цагийн ажиллах цагт шилжсэнээс хойш ажилчдын стресс буурч, ажилдаа дур сонирхолтой болсон гэжээ.
Тэр ч байтугай ажлаар дардаг, дэлхийн хамгийн хөдөлмөрч улс гэх Японд ч гэсэн Засгийн газар нь компаниудыг ажлын цагаа багасгахыг сайшаан дэмжиж байгаа гэнэ.
Британийн үйлдвэрчний эвлэлийн конгрессоос улс даяар ажлын дөрвөн өдөрт шилжихийг уриалж байгаа юм. Ажлын өдөр бага байх нь ажилтнуудын хувьд туршлага хуваалцах, шинийг мэдэх боломж болдог. Түүнчлэн амрах, стрессээс ангижрах, ажилдаа эрч хүчтэйгээр орох боломжийг бүрдүүлдэг байна.
Саяхан найман улсад 3000 ажилтны дунд санал асуулга явуулахад бараг тал орчим хувь нь завсарлагагүйгээр таван цагийн турш ажлаа амархан гүйцэтгэж чадна гэжээ. 36 настай программист инженер Шульц-Хофен л гэхэд долоо хоногийн дөрвөн өдрийн ажлыг өөр дээрээ туршиж үзсэн байна. Тэрбээр дөрвөн өдрийн дотор хийх ёстой бүх ажлаа амжуулсан төдийгүй кофенд донтох нь багасч, бүтээмж сайтай ажилласан гэжээ.
Саяхны нэгэн судалгаагаар хэрвээ хүн хэтэрхий удаан ажиллавал ажлын чанар муудаж, хүнд өвчин тусах эрсдэл нэмэгдэх төдийгүй хортой зуршилтай болдог гэжээ.