МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат удирдана

2018-12-24 15:26
man-iin holboo

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шинээр байгуулагдаж анхдугаар хуралдаанаа өчигдөр (2018.12.23) УДЭТ-т хийлээ. Тус хуралд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 281 төлөөлөгч оролцсон бөгөөд үдээс өмнөх хуралдаанаар үндсэн илтгэлийг хэлэлцэн зорилго зорилтоо тодорхойлсон байна.

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны үйл ажиллагаа цаашид намынхаа эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой аж.

Анхдугаар Бага хурал бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд үдээс өмнөх хурлын дараа Их жанжин Сүхбаатарын хөшөө болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн бол үдээс хойших хуралдаанаараа холбооныхоо дүрэм, журам болон бүтцээ баталж удирдлагуудаа томилжээ. Ингээд тус холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгож, МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдож, Бага хурлын 109 гишүүн томилогдсон байна.

Тус холбооноос 21 аймаг болон есөн дүүргийн бүх хороонд салбар зөвлөлөө байгуулж ажиллах юм байна.