Он солигдох торгон мөч ойртож, ердөө 7 хоног үлджээ. Зул сарын баярыг айл бүрийн хойморт сүндэрлэх мөнх ногоон гацуур, баярын ширээнд өнгө нэмэх амтат бялуугүйгээр төсөөлөшгүй. Ингээд updown.mn сайтын сурвалжлах баг шинэ жилд зориулсан 10 чухал хэрэглээний үнэ ханш болоод хэлбэр хийцийн талаарх мэдээллийг иргэддээ хүргэхээр “Бөмбөгөр” бөөний худалдааны төв болон 3,4 дүгээр хорооллыг зорив. Хорооллын гадаа талбайгаар явж үзэхэд сүрдэм өндөр гацуурууд өнгө алаглан харагдана.
Сүрлэг сайхан сүлд моднууд гоёл чимэглэлтэйгээ
Гацуур мод жил ирэх тусам өнгө үзэмж, хэмжээ, хийцийн хувьд өргөн сонголттойгоор худалдаалж байна. Үнэ ханшийн хувьд 80-аас 320 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна.
Үүнд: 1метр 20 см урттай гацуур 80 мянган төгрөг (гэрэл,тоглоом буюу чимэглэл, оройн чимэглүүр багтана)-ийн үнэтэй байна. 2 метр 10 см урттай гацуур 260 мянга төгрөг бөгөөд хоёр гэрэл, чимэглэл, модон хашаа, оройн гэрэл дагалдах юм. Энэ жилийн хувьд сүлд модны худалдан авалт муу байгааг худалдаачид хэлж байв.
Амтат бялуу, оргилуун дарсгүйгээр баярын ширээг төсөөлөхийн аргагүй
Айл бүр баярын ширээгээ амтат бялуу, оргилуун дарс, жимс жимсгэнэ, салат гээд байгаа бүхнээрээ чимж аз жаргалтайгаар шинэ оноо угтдаг. Сайхан зассан ширээгээ ам бүлээрээ тойрон сууж элдэв зүйлийн талаар ярилцах та бидний уур амьсгалд улам гоёмсог амтыг нэмэх бялуунд дургүй хүүхэд гэж хаа байх билээ. Мон бейкерид худалдаалж буй амтат бялуу хэлбэр хийц, чимэглэл, хэмжээнээс хамаарч 35-аас 45 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан шүү.
Мөн “Бөмбөгөр” бөөний худалдааны төвд хэлбэр хийц, чимэглэлээс хамаарч 12-оос 18 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа нь арай хямд санагдлаа. Оргилуун дарс ч бас баярын ширээний гол зүйл. Үнийн хувьд Орос оргилуун дарс 6800-14500 төгрөг, хүүхдийн шампанск 4500 төгрөгийн үнэтэй байна.
Хүүхдийн бэлгийг боолттой биш сонголттойгоор зардаг болжээ
Баярын уур амьсгал орсон өдрүүд эхэлсэн гэхэд “Бөмбөгөр” бөөний худалдааны төв өдрийн 12:00 цагийн орчимд хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Хүүхдийн бэлэг хэдээс хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг мэдэхээр хэд хэдэн хүнсний лангуугаар оров. Гэтэл боож бэлдсэн бэлэг ховор харагдах юм.
Худалдагч бүсгүйгээс учрыг асуухад “Эцэг эхчүүдийн хувьд боож бэлдсэн бэлэг худалдаж авах сонирхолгүй болсон. Өмнөх жилүүдийг бодвол өөрсдөө хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулж бэлгээ сонгох хандалага нэмэгдсэн. Бид өмнө нь бэлгийг 100, 100-гаар нь боож тавьдаг байлаа. Одоо ингэхээ больсон” гэх тайлбар өгөв.
Хүүхдийн бэлэг сонгож буй ээж “Манайх 4 хүүхэдтэй. Хүүхэд болгон өөр өөр сонирхолтой. Тэгэхээр сонголт мөн л өөр болно гэсэн үг. Болж өгвөл эко бүтээгдэхүүн сонгохыг бодож зогсоно. Ингэхээр найруулж хэрэглэдэг чацарганы шүүс, гоё тараг авахад л өртөг өндөр болоод явчих юм” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Арааны шүлс асгарам амтат жимс жимсгэнэ ч ширээний чимэг шүү
Багачууд гэлтгүй томчуудын идэх дуртай амтат жимс жимсгэнэ үнэ ханшийн хувьд Орос мондарин нэг килограмм тутамдаа 10 мянган төгрөг, Польш алим 5500 төгрөг, Ясгүй орос үзэм 8000-15000 төгрөг тус тус худалдаалж байна. Мөн салат, зууш бэлтгэхэд хиам, майноз хамгийн чухал. Тэдгээрийн үнээс сонирхуулбал:
-Чанамал хиам (Зочин) 7200 төгрөг
-Давхар утлагат (Салями) 9500 төгрөг
-Мах импекс (чанамал хиам) 14000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.
Та бүхний хэрэгцээнд бага ч атугай нэмэр болох болов уу хэмээн шинэ жилийн баяраар хамгийн өргөн хэрэглэдэг 10 бараа бүтээгдэхүүний үнийг сурвалжлан хүргэлээ.
Гэрийн эзэгтэй гоёлоо зэхэж, бяцхан үрс нь гацуураа чимэглэн шинэ жилийн баяр болохыг сэтгэл догдлон хүлээж сууна. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн салшгүй чухал хэсэг билээ.