Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн “Баруун сарвах” гэдэг газар тус сумын харьяат 24 настай малчин залуу О энэ сарын 20-ны өдрийн 22:00 цагийн орчим малчин Х-гийнд очно гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болжээ. Малчин Х-гийнх гэрээс нь 4 км-т байдаг аж.
Гэтэл 21-ний өдрийн 10:00 цагт О-н унаж явсан морь нь малчин Г-гийн хотонд гүйж ирсэн байна. Ингээд түүнийг сураггүй болсон талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баттулга 22-ны өдрийн 20:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгч тус газрын алба хаагчид, Нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд орон нутгийн иргэдийн хамт нийт 30 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Харамсалтай нь 23-ны өдрийн 10:55 цагт О-гийн цогцсыг тус сумын Баянмандал багийн “Бужиндаа” гэдэг газраас буюу гэрээс нь зүүн хойд зүгт 3 км-ын газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
“Баруун сарвах” гэдэг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 53 км-т оршдог аж.