БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 2000-аас дээш жилийн настай эртний 99 ширхэг булшийг археологичид илрүүлжээ. Орон нутгийн их сургуулийн археологич эрдэмтэд Жунгарын хошууны нутагт малтлага судалгаа хийж байгаад дээрх олдворыг олсон байна.
99 булш бүгд нэг газраас гарсан бөгөөд насны хувьд Хаант улсуудын дайн /МЭӨ 475-221 он/, Баруун Хань /МЭӨ 202 — МЭ 8 он/ улсын үед хамаарах булшнууд байгаа аж.
Булшнуудын хэмжээ харилцан ялгаатайгаас гадна булшгүй цогцоснууд ч байсан гэдгийг эрдэмтдийн ахлагч Ху Чуньбай орон нутгийн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолсон байна. Мөн бүх булшны гуравны нэг нь буюу 30 гаруйд нь хүнтэй хамт ямар нэгэн амьтан /хонь, үхэр, адуу, нохой зэрэг/ золигт гаргасан байжээ.