Өнгөрөгч долоо хоногт улс төрийг ердийн байсан гэж дүгнэвэл өрөөсгөл. Анхаарлын төвд нэлээд удаж буй эрх баригч МАН-ын хагарлаас олон нийт нэлээд залхсан бас шинэ жил дөхсөн учраас улс төрийн үйл явцыг ажиглаж буй талуудын идэвхи харин чамгүй буурлаа.
УИХ-ын даргаа огцрохоос нааш чуулганд суухгүй хэмээн гэдийсэн парламентын гишүүдийн “ажил хаялт”, ЖДҮХС-гаас зээл авсан банкны эзэн УИХ-ын гишүүний аж ахуйн нэгжид АТГ баримтын үзлэг хийсэн явдал, прокурорын байгууллага зарим ЖДҮ-чин гишүүдийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь гэсэн явган яриа даваа гарагийн үйл явдлыг эхлүүлэх төлөвтэй байсан ч эдгээрийг болж өнгөрсөн үйл явдлууд арчиж орхив.
Улс төрийн нөхцөл байдал хэвийн байсан бол энэ долоо хоногт Япон Улсад хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үр дүнг нэлээн тод хэлэлцэх байсан болов уу.
Гэвч Даваа гарагт эрх баригч МАН уламжлал дотоод улс төрөө сэвсэн мэдээг цацаж, Лхагва гарагт намын Бага хурлаа хуралдуулна гэлээ. УИХ-д 65 суудалтай эрх баригч намынхны дотоод хагарал нийгмийн бүх л салбарт таатай бишээр нөлөөлөөд удаж буй. Тиймээс мэдээтэй хамт энэ нам бага хурал дээрээ эвлэж нэгддэггүй юм гэхэд асуудлаа аль нэг талд нь гаргаж шийдээд, төрийн ажлын гацааг арилгах байх гэсэн хүлээлт үүсээд байсан юм.
Төрийн гацааг арилгахгүй бол УИХ-ыг тараах санааг дэмжинэ гэж АН мэдэгдлээ
Энэ өдөр УИХ дахь АН-ын бүлэг ч мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлэв. М.Энхболдыг албан тушаалаа сайн дураараа өгч, 60 тэрбумын асуудлаар шалгуулах, У.Хүрэлсүхийг стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан бүх албан тушаалтан, гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг УИХ-д яаралтай оруулж ир гэсэн шахалтыг үзүүлээд авлаа.
Энд Төрийн ажил удаан хугацаагаар гацвал АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ыг тараах санааг дэмжинэ гэсэн байр сууриа бас хамт дайжээ.
Намын хурал хуралдахын өмнөх өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Давхарбаярынхаа “Жаргалант мах импекс” компанийн нэрээр ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авч, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан баримтыг дэлгэсэн байгаа. МАН-ын Бага хурлаар Н.Номтойбаяр болон М.Энхболдын талыг баримтлагч хэд хэдэн гишүүдийг намаас хөөх асуудал яригдах нь гэж байсан үеэр баримтууд дэлгэгдсэн нь
Ерөнхий сайдын хувьд гэнэтийн цохилт байсан болов уу.
МАН-ын Бага хурал Лхагва гарагийн өглөө эхэлсэн ч зарлагдсан шигээ сүртэй хурал болсонгүй. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг шиг цуу нэр нь л түгсэнээс олигтой шийдвэр, шийдэл, тэр тусмаа төрийн гацааг арилгах бодлогын ямар ч асуудлууд тодорхойлогдсонгүй.
Бага хурлын мэдээ олон нийтийн сүлжээний зориулалтын хаягаар цацагдав
Хурлын эхэнд тавсан намын дарга У.Хүрэлсүхийн илтгэл нь сүүлийн үед байнга ярьж буй ганц сэдэв байв. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индрээс удахгүй ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцно гэж байсан ч хурал дээрээ энэ талаар ганхийсэнгүй.
Эсрэгээр хуулиар нэлээн бөх хамгаалагдсан албан тушаалыг хашиж буй УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг хэмээн дахин шахсан. Өнөөх нь “Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэсэн байгаа. Ийм шахалтыг нэг нь эхлүүлж, нөгөө нь эсэргүүцэх хандлага анхнаасаа тодорхой байсан билээ.
МАН-ын удирдлагуудын бие биенээ 60 тэрбум, ЖДҮ-чин хэмээн хангалттай цоллосон хурал хаалттай өрнөсөн ч олон нийтийн сүлжээний зориулалтын хаягууд хаалттай мэдээллийг Тусгаар тогтнолын ордны гадаа өдөржин жижүүрлэсэн хэвлэлийнхнээс хавьгүй шуурхай авч дамжуулж байв.
Сүржин эхэлсэн Бага хурал хурлынхаа 11 гишүүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Нийслэлийн эзгүй нэг квотыг эзэнтэй болгосон. Энэ хурлаас ийм л зүйл шийдэгдэж. М.Энхболдыг ажлаа өг хэмээн шахаж, бага хурлаараа дэмжүүлэх гэж байсан У.Хүрэлсүхийн санаа “Үндсэн хуулийг зөрчсөн улс төрийн нам Улсын дээд шүүх дээр бүдэрнэ. Шүүхээс МАН-ыг тараах шийдвэр ч гарч болно” гэсэн гишүүдийн болгоомжлолоос болоод ёс төдийхөн ярихаас цаашгүй асуудал болж хувирчээ.
Хурлын завсарлагаар У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан гэдэг нь харин үнэн. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдын хувьд хөнгөн заль төдий зүйл байсан гэж үзсэн М.Энхболд энэ саналыг хүлээж аваагүй байна.
Ерөнхий сайд ЖДҮ-гийн зээл бол гүтгэлэг гэв
МАН-ын дарга аймаг, нийслэлийн намын хороогоороо дамжуулан Бага хурлын гишүүдээ нэг талд хураасан. Хүчний харьцаа Ерөнхий сайдын талд бараг 90 хувь бөөгнөрч тэр илүүрхэж байсан болов ч хурлаас шийд гарч чадаагүйн шалтгаан У.Хүрэлсүхийн төрсөн дүүдээ авч өгсөн гэх ЖДҮ-ийн баримтын ард нуугдаж хоцров бололтой. Гэхдээ Ерөнхий сайд энэ өдөр ЖДҮХС-гаас зээл авсан гэх баримтыг үгүйгсэж “Гүтгэлэг, би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст зээл аваагүй” хэмээн мэдэгдээд байгаа.
МАН Бага хурлынхаа мэдээг түгээх хэвлэлийн хурал зарлаад хэвлэл мэдээллийнхний бойкоттой тулсан нь хэвлэл мэдээлэл улстөрчид, улс төрийн намуудын нохойд барьдаг мод, цагаан хоолой биш гэдгийг хангалттай харуулсан онцлог үзэгдэл болов. Бага хурлын өдөр МАН-ын байр чанга хатуу хамгаалалттай байсан бөгөөд энэ үеэр хэвлэлийнхэн тэнцвэртэй мэдээлэл өгөхийг хүсээд, гуйгаад ч авч чадаагүй учраас дараагийн өдөр ийм арга хэмжээ авахад хүрсэн болов уу.
Улс төр өнгөрөгч долоо хоногт дан ганц МАН-ын хурал дээр төвлөрсөнгүй. Энэ Засгийн газрын сайд нарын бодож олсон сонин содон санааны нэг нийтийн анхаарлыг мөн татлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утаанд 200 тэрбумыг хийсгэнэ гэж төсөвлөөд хана мөргөж байсан шиг энэ долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн санаа яг түүнтэй адил агаарт замхрав.
Тэр найман тэрбум төгрөг зараад утааны голомтод амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг хотын ойролцоох амралтын газруудад тав хоног амраана гэсэн. Иргэд харин энэ үрэлгэн зардлыг нэлээн шүүмжиллээ. Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар хийсгэх гэсэн энэ оролдлогыг ашгүй танхим нь няцааж, хэл амнаас багахаан холдоод байна.
Улс төрчдийн сонин содон мэдээллүүд нэг үзүүрээс салаалсан цул асуудал уу, санамсаргүй давхцал уу?
Эрх баригчдын улс төрөөс гадна АН-ын улс төрчдийн хосолсон нүүдлүүд ч энэ долоо хоногт тасарсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжлийг тодорхойлох Нэгдмэл Монгол хөдөлгөөний бий болгоно гэж хэвлэлийн хурал хийгээд. Гэхдээ энэ хөдөлгөөнийг ОХУ-ын Нэгдсэн Орос хөдөлгөөний хуулбар гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Мөн УЕП, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав цэнхэр дэлгэцээр гарч ирж, нэр холбогдсон дөрвөн сая ам.доллараа тайлбарлалаа. Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболд Д.Дорлигжавын дүүгийн дансанд энэ их мөнгийг хийсэн гэж ярьсан нь түүнийг дэлгэцийн өмнө суулгахад хүргээд байсан юм.
Харин тэр энэ мөнгийг Т.Ганболд хагасыг нь арилжааны өртөгт, хагасыг андуурч манай дүүгийн компанид андуураад шилжүүлсэн гэлээ.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэгддэг “Ачит-Ихт” ХХК Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан манай компанийг огт үндэслэлгүй, гүтгэж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь тус компанийн хувь эзэмшил болон үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн байгаа.
Айсуй 2019 он ердийн биш дуулианаар эхэлнэ
МАН-ын бужигнаанаас гадуур АН-ынхан ч улс төрийн тайзан дээр тод байхыг хүсч байгаа нь эрх баригчдын байр суурь ганхаж, хүч чадал нь сульдан доройтож байгаагийн шинж болов уу. Гэхдээ барагтай бол дэлгэгдээд байдаггүй, анхаарал татсан сонин содон мэдээллүүд нэг үзүүрээс салаалсан нэг цул асуудал уу. Зүгээр нэг давхцал уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.
Хуучин он халаагаа өгөхөд ердөө долоо хоног үлджээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдыг огцруулах ажлаа эхлүүлсэн. Сар гаруй саатсан УИХ дээр шийдэгдэх ёстой олон асуудал хүлээгдэж байгаа. ЖДҮ-чид шалгагдаж байгаа. 60 тэрбумын асуудлаар парламент сонсгол явуулна гээд шийдэх ёстой олон асуудал хүлээгдэж байна. Улс төрийн тогоонд үүссэн маргаан, шийдэх ёстой тулгамдсан асуудлууд он дамжин хэлэлцэгдэхээс өөр сонголтгүй болоод явчихлаа. Айсуй 2019 он ердийн биш дуулианаар эхлэхэд гайхах юмгүй болжээ.
ikon.mn
3 comments
Za Altanhuyag guia hudlaa surjignehee boli doo ta Shudrag busiin hongiliig ooroo bosgolzchihood odoo chamd hen itgeh yum bee ! Chi zugeer l sharaa bololgui ooroo zail !!
Алтанхуяг төрөөс 27000₮ -өөр авсан нүүрсээ 80000₮-өөр ард түмэнд дамлаж нүдний булай болчоод юун эх оронч болоод цээжээ дэлдээд бгаа м….кхзх …Өөрийн зөвлөх, хүргэн 2-оо шоронд хийж байж олсон нүүрсний мөнгөөрөө амаа таглаад хэвтэж байвал барав…..
Одоогийн энэ үймээнийг далимдуулж Алтанхуяг хулгайч сайн хүний дүр эсгэн буйг Монголчууд бүгд ойлгож байгаа.Нүүр өгөх хэрэггүйл хүний оронцогдоо.