Бүлэг хулгайч нар 2003 онд Бельги улсын үнэт эдлэл хадгалдаг нэгэн сейфээс 117 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлахдаа ямар ч хүчирхийлэл үйлдээгүй ажээ. Энэ хулгайн хэрэг дэлхийн бүх цаг үеийн хамгийн том хулгай, дээрмийн хэргийн нэг болон тэмдэглэгдэн үлджээ. Мэргэжлийн хулгайч Леонардо Нотарбартоло Бельгийн боомт хот Антверпын Дэлхийн алмазын төвийг дээрэмдсэн байна.
Тэрбээр уг дээрмээ хийхээсээ гурван жилийн өмнө тус хотод оффис түрээсэлсэн бөгөөд энэхүү оффисоосоо хамгаалалтын ажилтнуудын өдөр бүр, цаг тутамд хийдэг зүйлсийг судалж, хамгаалалтын системийг хэрхэн эвдэх талаар нарийн зохион байгуулалттай төлөвлөгөө боловсруулсан байна. Үүнийхээ дараа тэрбээр дээрэм хийх өдрөө хотын гадна болох теннисний тэмцээнтэй давхцуулан товложээ.
Тэр уг хэргийг үйлдэхдээ ямар ч нотлох баримт үлдээгээгүй бөгөөд оршин суугчдын өгсөн мэдүүлэг болон сейфийн хяналтын камерын бичлэгт үндэслэн түүнийг барьсан ажээ. Түүнд 10 жил шоронд хорих ял оноосон байна. Энэхүү гэмт хэргийг яг л Холливудын кинонд гардаг шиг зохион байгуулсан ажээ.
“Нисэх онгоцны буудалд болсон дээрэм”
Зарим тохиолдолд ямар ч сайн харуул хамгаалалт нарийн зохион байгуулалттай гэмт хэргийг зогсоож чаддаггүй болохыг энэхүү дээрэм харуулжээ. Нисэх буудлын ажилтнуудын хувцас өмссөн зэвсэгтэй бүлэг этгээдүүд нисэх онгоцонд ачих гэж байсан 88 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлийг 2005 онд Амстердам хотын “Schiphol” нисэх онгоцны буудлаас дээрэмджээ. Энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг хэрэг болсноос хойш 10 гаруй жилийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сард барьжээ. Гэвч 47 сая орчим долларын үнэ бүхий үнэт эдлэл нь одоо болтол олдоогүй байна.
“Хиймэл үстэй дээрэмчид”
Хулгайч нар ямар ч байдлаар зүсээ хувиргах чадвартай байдаг аж. 2007 болон 2008 онд Парис хотноо болсон хулгайн гэмт хэрэг олны сонирхлыг ихэд татжээ. Учир нь хулгайч нарын зарим нь хүйсээ сольж, эмэгтэй хүн болж хувирсан байж. Найман залуугаас бүрдсэн уг бүлэг гэмт этгээдүүдийн зарим нь эмэгтэй дүрд хувилж, Парис хотын “Harry Winston” их дэлгүүрийг хоёр удаа тонохдоо нийт 99 сая долларын үнэ бүхий цаг, үнэт эдлэл хулгайлжээ. Тэднийг 2015 онд баривчилж, хорьсон байна.
“Ахимаг насны хулгайч нар”
Их Британид болсон томоохон хулгайн хэргүүдийн нэг нь 2015 оны дөрөвдүгээр сард болжээ. Лондон хотын “Hatton Garden” хадгаламжийн компанийн сейфийг ухаж, 18 сая долларын үнэ бүхий алт, чулуу, бэлэн мөнгө хулгайлсан байна. Бүлэг этгээдүүд барилгын цахилгаан шатны босоо цооногоор дамжин орж, сейфийг гаднаас нь нэвт өрөмдсөн байна. Уг хулгайн хэргийг толгойлон гүйцэтгэсэн дөрвөн этгээдийг энэ оны эхээр барьжээ. Тэдний хоёр нь 70 гаруй насны хүмүүс байсан бөгөөд тэдэнд 36.1 сая долларын торгууль төлөх эсвэл 7 жил хоригдох ял оноосон байна.