Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. 9-ийг нь шинэчилж барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг 4 дүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.
Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.
Туркийн талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Истанбул хотын төлөөлөгчид сонгогдсон газартай очиж танилцаад Улаанбаатар хотын удирдлагатай дахин ярилцахаа хэллээ. Төслийг хурдан хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлэхэд хотын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.