Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 37 дугаар албан бичгээр ирүүлсэн “Хонины цэцэг өвчний вакцинжуулалт”-ын зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын “Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” 2017 оны хоёрдугаар сарын 1-ний тушаал, мөн өдрийн “Мал, амьтны гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд хяналт тавих тухай” тушаалыг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 14-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүллээ.
Уг ажлын хүрээнд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв. Улмаар ОХУ-ын Владимирын Бүх холбоотын эрүүл мэндийн үндэсний төвд үйлдвэрлэсэн хонины цэцэг өвчний вирусийн эсрэг №08 серийн вакциныг авчруулсан юм. Вакцинжуулалтад нийслэлийн 8 дүүрэг, 3 тосгоны 176430 толгой хамруулахаас 172283 толгой хонийг хамруулж, төлөвлөгөөг 97.6 хувиар биелүүллээ гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.