Төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд иргэд бидний санхүүгийн боловсрол муутайг мэддэг болохоороо хамгийн энгийн асуултын хариултыг хүртэл маш сайн нууж чаддаг гэлтэй. Нуугдмал үйлдлийнхээ бурууг төр гэдэг эзэн биегүй томъёонд тохоод төрийн шийдвэр, төрийн бодлого гэсэн үгээр халхавч хийгээд зогсчихдог ч үнэндээ төрийн эрхийг УИХ-д олонхи болсон нам барьдаг. Энэ намын гишүүд шийдвэрийг гаргадаг учраас буруутан нь төр биш, улс төрийн намууд, улстөрчид болж таараад байгаа биз.
Саяхан ЖДҮХСангаас маш их мөнгө авч хувийн банкаараа хэд дахин нугалж хүүлсэн нэгэн улстөрч эмэгтэй “Би төрд тэрбум, тэрбумаар нь татвар төлсөн” хэмээн хяхарган дуугаар тайлбарласан байгаа. Ингэхдээ маш том гавьяа байгуулсан аятай цээжээ дэлдсэн. Гэвч түүний энэ том дуунд хариу мад тавьчих асуулт тавих санхүүгийн мэдлэгтэй сэтгүүлч гараагүй нь харамсмаар. Уг нь тэр иргэдээс хурааж авсан татвараа төсөвт шилжүүлсэн л төдий зүйл шүү дээ, Хуулиар хүлээсэн үүрэг нь энэ юм.
Ингээд иргэн бид ер нь хэдэн төрлийн татвар төлдөг юм бол гэсэн асуултандаа хариу олчих санаатай Татварын ерөнхий газар болон Сангийн яам, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг газруудын веб сайтаар зочлоод олигтой, ончтой хариу олж харсангүй. Харин ч зарим нэгэн мэдээлэл олж уншаад цочсондоо сэдвээсээ бага зэрэг далийв.
Тухайлбал татварын ерөнхий газрын веб хуудсанд татвар төлөгчдийн боловсролд гэсэн булан байгаа нь сайшаалтай хэдий ч тавьсан мэдээ мэдээлэл нь даанч дээ гэмээр… Тэнд бичихдээ хүүхдүүд та нар хараахан татвар төлөгч биш гэжээ. http://mta.mn/c/view/11623 Хэрвээ тийм бол адаглаад хүүхдийн хадгаламжаас татвар хурааж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү? Хүүхдүүдэд та нар татвар төлөгч биш гэж хуураад, зөрүүлээд хадгаламжаас нь татвар авч байгаагаа юу гэж тайлбарлах вэ?
За нэгэнт хадгаламжийн хүүгийн татвар ярьсных энэ татвар ер нь хэр зэрэг шударга татвар вэ гэдэг асуудлыг хөндөхгүй бол оройтох нь байна шүү, иргэд ээ.
Татварын нэг зарчим нь шударга байх тухай ойлголт юм. Мөнгөний үнэ цэнэ гэдэг зүйл нь хадгаламжийн хүү, инфеляцийн түвшин хоёрын зөрүүгээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүүгийн түвшинөөс инфеляцийн түвшинг хассанаар таны мөнгөний бодит үнэ цэнэ гарах юм.
Инфеляцийн түвшин жилийн 10% байгаа энэ үед бид мөнгөө 10%-иар хадгалуулахад миний өнгөрсөн жил хадгалуулсан 100,000 төгрөг төлбөрийн чадварын хувьд энэ жил яг хэвээрээ буюу 100.000 байгаа л гэсэн үг.
Гэтэл бидний хадгаламж тооны хувьд 110,000 болж өсч харагдаад, хадгаламжийн хүүгийн орлого 10,000 төгрөгнөөс 10%-ийн татвар буюу 1,000 төгрөг хасаад бидний дансанд 109,000 төгрөг орж байна. Гэвч чанарын хувьд өнгөрсөн жилийн 100,000 төгрөг маань жилийн дараа 99,000 төгрөгтэй тэнцэж байгаа юм л даа. Ингэж л төрийн буруу бодлогын үр дүнд бидний мөнгөний худалдан авах чадвар буурчаад байхад дээрээс нь татвар нэмж аваад бүр их алдагдалд оруулж байна.
Хэрвээ инфеляцийн түвшин хадгаламжийн хүүгийн түвшинөөс өндөр байгаа тохиолдолд бүр их алдагдалд орно. Энэ бүхнээс харахад хадгаламжийн хүүгээс татвар авч байгаа нь шударга бус бөгөөд энэ татварыг дефляцтай улс орнууд хэрэглэдэг болохоос биш манайх шиг мөнхийн инфеляцтай орон хэрэглэдэггүйн байна шүү.
За тэгээд эхний асуултандаа хариу олохын тулд нэлээд олон хууль, дүрэм судлах хэрэгтэй боллоо. Дараагийн нийтлэлээрээ бид хэдэн төрлийн татвар төлдөг тухай та бүхэнд дуулгах болно оо.
Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч, Санхүүгийн Хараат Бус зөвлөх
Ц.Батбилэг
1 comment
Иргэдийнхээ халааснаас л шууд луйвар хийдэг нь үнэн ш дээ. Төсвийн хамаг орлогыг иргэд бид бүрдүүлчихээд тэтгэвэрээ ч олигтой тогтоолгоод авч чадахгүй хохирч байна. Учир нь хуучны бараг бүх албан газар үүдээ барихдаа архивт материалаа хүлээлгэж өгөөгүйгээс баримт бүрдэхгүйгээр далимдуулж хөдөлмөрийн хөлсны доод хэмжээгээр тогтоолгож байна.Одоо бүр тэтгэвэрт гарах насыг уртасгасан . Мөн иргэд бид НӨАТ төлөгч биш. Тэгсэн мөртлөө НӨАТ шингэсэн бараа худалдан авдаг. .НӨАТ буцаан олголтыг 100% буцааж өг .Эсвэл бид цалингаа НӨАТ -ын 10% -ын нэмэгдэлтэй дүнгээр өгдөг байх хэрэгтэй ш дээ . гэх мэтээр Иргэд бид ажиллаж , ажиллачихаад авсан цалингийнхаа 31% ыг татварт төлж байна. / үүнд : 10%-ыг Хүн амын орлогын албан татвар, 11%-ыг НДШ , 10%-ыг НӨАТ / . энэ шудрага уу???????????????? Т