Лобби бүлгээс гоц юм хүлээгээд нэмэргүй: УИХ гар дээрээ хагас жил “эргэлдүүлсэн” хуулиа баталж, парламентад лоббий бүлэг байгуулагдан, төв талбайд оффшорын эсрэг жагсаал цуглаан өрнөсөн долоо хоног өнгөрөв.
Улстөрчдийн хүслээр биш нийгмийн шахалтаар төрсөн гэж хэлж болох энэ хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль харуулав. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдсанаар 37942 төрийн албан хаагчид энэ хууль үйлчлэх ёстой байсан бол 300-400 мянган хүн хамрагдах ёстой болсон. Төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болсон гэж мэдэгдэв. Харин оффшор бүсийн жагсаалтыг Монголбанк, Сангийн яам тодорхойлтоор Засгийн газар батлах гэнэ.
Оффшорын хууль энэ долоо хоног батлагдах сургаар даваа гаригт Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд УИХ-д оффшорын эсрэг лобби бүлэг байгуулснаа зарлав. Лообби бүлгийн гишүүдийн дунд МАН-ын голлох фракцийн төлөөлөгчид багтсан байгаа нь энэ бүлгээс гоц гойд юм хүлээгээд нэмэргүйг харуулах шиг.
Харин бямба гаригт болсон жагсаалыг зохион байгуулагчид УИХ-аас баталсан Оффшорын эсрэг хууль нь улс орны мөнгийг луйвардан гадаадад оффшор дансанд хадгалсан хүмүүст хариуцлага тооцох биш, харин ч толгойг нь илсэн хууль болсон гэж мэдэгдээд Засгийн газарт өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд өгсөн оффшор данс, компанитай гишүүдийг УИХ-аас эгүүлэн татахыг шаардсан шаардах бичиг Эрх баригчдад өгснийхөө хариуг нэхэж байна.
Хүүхдүүд жагсав: Хаврын хаварт, голдуу улс төрийн зорилготой өрнөдөг жагсаал цуглаан бяцхан үрсэд “халдварлаж” байгаа нь сайны дохио юу муугийн дохио юу. Долоо хоногийн эхний өдөр хүүхдүүд зам тээврийн ослын эсрэг жагсаал хийлээ. Зам тээврийн ослоор сүүлийн зургаан жилд 300 хүүхэд амиа алдсан баримт байна.
Хэний ч анхаарлыг татахгүй байхын аргагүй энэ баримт мэдээг нэг талдаа холбогдох төрийн байгууллагууд, нөгөө талдаа эцэг эхчүүд, автомашины хөдөлгөөнд оролцож яваа жолооч нар анхааралдаа авч, сургалт мэдээллээ солилцоод хариуцлагаа өндөржүүлэн шийдэхэд болохгүй юмгүй. Хэдэн үрсээ нялхаас нь жагсаал, цуглаанд дасгах шаардлага монголчуудад байгаа юм гэж үү!
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдлаа: УИХ пүрэв гаригийн шөнө (2017.04.13) Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдаж, эхний ээлжинд 440 сая ам.долларын зээл авах юм. Үүгээр Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж эрх баригчид тооцсон байна. Мөн үүнийг даган 5.5 тэрбум ам.долларын зээл авах боломж нээгдэнэ.
Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотгол батлагдснаар цөөнгүй төрлийн татвар хураамж нэмэгдэж байгаа. Эдийн засгийн хямралыг даган татвар нэмэгдэж байгаад иргэд хүлээцтэй хандаж байна. Харин Засгийн газар энэ төсөлдөө хүүхдийн мөнгөнөөс хасах, өрхийн эдийн амьжиргааг харгалзан ялгавартай олгох шийдвэрийг багтаасан нь олон нийтэд таалагдсангүй.
Хэдийгээр хүүхдийн мөнгө 2017 онд бүрэн олгодох боловч 2018 онд 298 мянган айлын 521 мянга 907 хүүхдэд мөнгө олгох юм. Энэ тоог батлахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр судалгаа явуулсан байгаа. Энэ судалгаа тус яамны экс сайд С.Эрдэнийн хийсэн судалгаа хоёр юугаараа ялгаатай байсан бэ гэсэн асуултын хариу удахгүй хэвлэлүүдээр дэлгэгдэх биз ээ.
Эмгэнэлт хэргүүд: Энэ долоо хоногт байлдааны гранат дэлбэрч, Зэвсэгт хүчний Таван толгой дахь Сургалтын төвд хээрийн сургууль хийж байсан Зэвсэгт хүчний Энхийг сахиулах 3 дугаар мотобуудлагын батальоны хоёр албан хаагч амь үрэгдэж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн дотуур байрны гурван сурагч хоолонд хордон, нэг нь амиа алдсан эмгэнэлт явдал болов.
Нийслэлчүүд төөрдөг байшингаас “гарна”: Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байдаг юм байна. Хотын удирдлагууд энэ долоо хоногт нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудыг нэрлэв.
Төвлөрөлтөөс үүссэн замын зохимол түгжээ, төлөвлөлтгүй барилгыг тойрон өнгөрөх боломжгүйгээр боссон янз янзын төмөр хийц, битонон хайс, хашаа хотынхны хувьд эмзэг сэдэв. Хаалга үүд, орц гарц нь үл олдох хашаа хайс төөрдөг байшин шиг үргэлжилж, ажил албаа залгуулах цагаас хулгайлсаар ирсэн. Зөвшөөрөлгүй хашаа хайснаас салахгүй бол хотын зам талбайд үүсэх түгжрэл мөддөө саарахгүй гэдгийг биеэрээ амсаж яваа хүмүүс бол нийслэлчүүд.
Хотын удирдлага энэ дөрөвдүгээр сард зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэн татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх үүрэг өглөө. Хугацаандаа газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тэднээр зардлыг нь төлүүлэх аж.
Үндсэн хууль: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсэг өнгөрсөн 11 дүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулна гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Энэ долоо хоногт Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж өнгөрөв. УИХ-ын намрын чуулганы өмнө Засгийн газар УИХ-д олны “засаглалын хямралыг бий болгож байна” хэмээн тодорхойлдог Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөвлөж байгаа сурагтай.