Нийслэлийн Хангарьд ордонд шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа. Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагүүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл буюу салют хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа” гэв. Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна.
Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай холбоотой үзлэг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 гарч нэмэгдээд байна. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.