Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цагаан зээр хамгаалах “Янзаган хүрээг хайрлаарай” аяны энэ жилийн гол дүр нь эко клубийн хүүхдүүд байсан юм.
Тэд цагаан зээр хамгааллын ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар судалгаа хийж, нутгийн иргэдээс саналыг нь сонссон байна. Ингээд аяныхаа үр дүнг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг “БАГАЧУУД БИДНИЙ БЯЦХАН ШИЙДЭЛ” нэртэйгээр Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 15-нд зохион байгууллаа. Уулзалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 12 сумдын байгаль хамгаалах эко клубын 90 гаруй сурагчид, багш нар оролцов. Түүнчлэн урилгаар аймгуудын удирдлага, БОАЖГ-ын мэргэжилтнүүд оролцож хүүхдүүдийн саналыг сонслоо.
Уулзалтаар хүүхдүүд цагаан зээр хамгааллын ажилд тулгарч байгаа бэрхшээл, ялангуяа хууль бус агнуурыг бууруулахад анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар шийдвэр гаргагчдад танилцууллаа. Мөн цагаан зээртэй холбоотой шүлэг унших, дуу дуулах, жүжиг тоглох зэрэг урлагийн сонирхолтой хөтөлбөрүүд байсан нь оролцогчдын сонирхлыг татсан юм.
Уулзалтын төгсгөлд эко клубийн хүүхдүүд цагаан зээр хамгааллын талаар нутгийн удирдлагад хүсэлт тавилаа. Үүнд:
-Цагаан зээрийн төллөх, өвөлжих гол газрууд дахь хадлан хадах үйл ажиллагааг зогсоох, хадлангийн талбайг багасгах
-Иргэн бүрт цагаан зээр хамгаалах үйл ажиллагааг сурталчилан таниулах
-Буутай, анч ноходтой айлуудтай гэрээ байгуулах, хяналттай болгох
-Цагаан зээр агнах зөвшөөрөл олгогдсон байдал, мөнгөн дүнд нь хяналт тавих
-Байгаль хамгаалагчдын орон тоог нэмэгдүүлэх, нутгийн малчин иргэдээс байгаль хамгаалагчдыг нэмж ажиллуулах
-Сургуулийн эко клубуудын үйл ажиллагаанд орон нутаг, ЕБС-иудын дэмжлэгийг нэмэгдүүлэх, сайжруулах, анги, танхимаар хангах
-Цагаан зээрийн олноороо, сүрэглэн нүүдэллэдэг онцлогийг харгалзан, хамгаалан, ховордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын “Улаан ном”-д бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-Цагаан зээрийн мах, эд эрхтнийг хэрэглэхийг таслан зогсоох
-“Эко” мини парламентыг цагаан зээр бүхий сумдын сурагчид, нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
-“Цагаан зээрийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэх зэрэг хүсэлтээ уламжилжээ.