Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгуулж байна.
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй хэлэлцүүлгийн анхаарал татсан баримтаас:
-Монгол Улсад сүүлийн таван жилд 2055 хүн амиа хорлосон. Тэдний хамгийн бага настай нь арван настай хүүхэд байна. Энэ баримтыг Улсын ерөнхий прокурорын газрын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа дэлгэлээ.
-УЕПГ-аас явуулсан судалгаанд амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлахад 70 орчим хувь нь нээлттэй бус, асуудлаа бусдад ярьдаггүй, 29.3 хувь нь цочмог ууртай гэсэн дүн гарчээ. Ерөнхий боловсролын сургуульд мэдлэг олгох хэт их сургалт явуулж, төлөв түвшин томоотой хүн болгож хүмүүжүүлснээс хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж байна гэж хуулийн салбарынхан хэлж байна.
Мөн дэлхий нийтээр өнөөдөр хүүхдийг хүн байх, амьдралыг ойлгох, бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд анхаарч байна. Манай улсад ч ийм боломж бий. Ямар нэг хууль хэрэггүй. Хүүхдийг эрсдлээс хамнаалах, аливаа асуудлыг даван туулах чадвартай болгохыг ерөнхий боловсролын тухай хуульд заасан байдаг.
ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт энэ хичээл, сургалтуудыг түлхүү оруулах хэрэгтэй. Мөн сургуулиуд сэтгэлзүйчтэй байх шаардлагатай байна. Нийгмийн ажилтан бол сэтгэлзүйч биш. Хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар өнөөдөр 10, 11 настай хүүхдүүд амиа хорлох аймшигтай алхмыг сонгож байна. Энэ бол нийгмийн эмгэнэл” гэж тэд үзэж байна.
Амиа хорлосон тохиолдлуудын 33 хувь нь өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан нь бас бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сантай байсан бол тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж, хүний амь нас аврах боломжтой гэж бас тэд үзэж байна.