О.Машбат: Дарангуй дэглэмтэй улсууд дотоод өрсөлдөгчөө дарахын тулд гадаад гүрэнд өөрийгөө худалддаг

Сүүлийн үед Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байсан О.Машбатын лекц олны анхаарлыг нэлээн татаж эхэлсэн. Энэ сарын 1-нд Ардчиллын боловсрол-2018 сургалт дээр О.Машбат “Ардчилал бол аюулгүй байдлын баталгаа” сэдвээр илтгэл тавьсан байгаа. Түүний сонирхол татсан илтгэлээс товчлон хүргэе.

-Энх тайван гэдэг ойлголтыг хүчний тэнцвэр гэж тайлбарладаг. Энэ тэнцвэр алдагдвал дайн бий болно. Шинээр хүчний тэнцвэр бий болсон цагт тэр дайн дуусна гэж үздэг. Хүн бол адгуус учраас хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг. Хэрэв сул дорой нэгнээс хэрэгтэй юмаа авъя гэж бодвол булаагаа д л авчихна. Харин булааж чадахгүй байвал тохиролцъё гэж ярьдаг.

Улс орнууд үүний адил тухайн улс орон өөрт нь ямар нэгэн байдлаар хохирол багатай гэдгийг баталгаатай мэдэж байгаа бол хэнд ч хүч хэрэглэхээс буцахгүй. Үүнийг хүмүүс дургүй хүлээж авдаг ч энэ бол бодит. Хүч хэрэглэвэл яах вэ гэдэг бүх тооцоогоо хийсний үндсэн дээр хэрэв тэр нь өртөг өндөртэй байвал тухайн улс орнууд аядуу арга замыг сонгож хэрэглэдэг.

Монгол, Хятад хоёр, эсвэл Монгол, Орос хоёр хүч тэнцүү учраас манай улс тусгаар тогтноод байгаа юу?

Бүх жижиг улсуудын хувь тавилан их гүрнүүдээс шалтгаалдаг. Тэгэхээр Орос, Хятадын хүчний тэнцвэр оршин байгаа учраас Монгол Улс оршин тогтнож байгаа юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулахад их хэцүү, харин ойлголт нь их амархан. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого гэдэг бол Орос, Хятадын хоорондох хүчний тэнцвэрийг тогтоон барих явдал. Түвдийн жишээ бол их гүрнүүдийн хүчний тэнцвэр өөрчлөгдвөл манайх шиг улс оронд аюултай гэдгийг харуулж байгаа юм.

Манай орны хувьд хүчний тэнцвэр өөрчлөгдөж байсан, эсвэл өөрчлөгдөх вий гэсэн санаа зовоосон олон асуудал тулгарч байсан. Ер нь манайх гадаад бодлогодоо их анхаардаг. 1992 оноос өнөөдрийг хүртэл манай улсын гадаад бодлогын аюулгүй байдлын суурь зарчмууд огт өөрчлөгдөөгүй. Ер нь өөрчлөгдөх боломж маш бага. Яагаад гэвэл манай хамгийн тогтвортой бодлого бол аюулгүй байдал хийгээд гадаад бодлого байдаг.

Ардчилал байх нь бидэнд яагаад ашигтай вэ?

Бид нар өнөөдөр Америкийн бодлогыг ярьдаг шиг сонгуулиар нэр дэвшиж буй манай намуудын бодлогыг ч гадныхан хардаг. Тийм учраас хөршдөө аюул занал бий болгодоггүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсын бодлогын чиг хандлагыг таамаглах боломжтой байдаг учраас нөгөө талд тооцоолох боломж олгодог.

Яагаад авторитар буюу дарангуй дэглэмийг олон улсын харилцаанд аюултай гэж үздэг вэ гэхээр дарангуйлагч талын толгой дотор юу байгааг хэн ч мэддэггүй. Үүний жишээ бол Хойд Солонгос. Харин ардчилсан ил тод засаглалтай улсад хөршүүд нь болон бусад улсууд бодлогыг нь таамаглах боломжтойгоороо илүү давуу талтай. Ардчилсан улсуудын чөлөөт худалдаа нь ихэвчлэн хамтын ашиг сонирхлыг бий болгодог. Үүнийгээ хамгаалах хэрэгтэй болдог. Тийм учраас энх тайван тогтдог гэж үздэг. Чөлөөт худалдаа бий болсноор сүүлийн 50 жилд хүчирхийллийн хэмжээ эрс багассан. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш хамгийн амгалан үедээ амьдарч байна. Энэ нь чөлөөт худалдаа буюу хамтын ашиг сонирхлын үр нөлөө гэж тайлбарладаг.

Хэрэв дарангуйллын засаглалтай байсан бол яах байсан бол?

Дарангуй дэглэмтэй жижиг улсууд дотоодынхоо өрсөлдөгчийг дарахын тулд гадаадын хүчтэй нийлдэг. Гадаадын гүрэнд өөрийгөө худалддаг. Ийм л зүй тогтолтой байдаг. Манай монголчууд ч ийм шүү дээ. Монголчууд тэнгэр гаралтай гэдэг хийрхэлээ болиод Монголын түүхийг яг бодитойгоор эргүүлээд харах юм бол энэ дэглэмийг харж болно. Тийм учраас дийлэнх тоглоомын засгийн газар дандаа Ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Би ер нь парламентын засаглалтай тоглоомын засгийн газар гэж санахгүй юм байна. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал ийм л юм болох байх.

Харин парламентын засаглал бол машины аморизатор шиг гадаадын дарамтыг сааруулдаг. Яагаад гэвэл Засгийн газар нь парламентаас хамааралтай учраас бид хэзээ ч огцруулчихаж болно. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол Женко гэгдэх Х.Баттулгыг 2021 оноос нааш буулгаж чадахгүй. Трампыг америкчууд 2020 он хүртэл буулгаж чадахгүй.

Манай амортизатор бол парламент юм. Энэ механизм нь хөршүүдийг, эсвэл империалист Америкийн ашиг сонирхлыг Монголын улс төрийн систем дотор тэнцвэржүүлж, дарамтыг нь сааруулж байдаг юм. Ямар ч том хэлэлцээр хийсэн тэр нь намуудаар задарч, парламентын түвшинд заавал задардаг. Эсвэл баланслах хүч буюу эсрэг хүч нь ямагт олдоно. Хэзээ ч санал нэгтэй байхгүй. Энэ нь гаднаас ирж байгаа дарамт хүчийг сааруулдаг.

Парламентын чуулганыг ажиглаж байгаа хятадын дипломат юм уу төрийн зүтгэлтэн юу гэж бодох вэ гэхээр, монголчууд ямар ч байсан Хятад руу цэрэглэн дайрахгүй юм байна гэдгийг баталгаатай мэдэж байгаа. Тогтворгүй байдал нь өөрөө л манайд аюул болох юм байна гэж бодно. Оросууд ч гэсэн мэдэж байгаа. Энэ чинь ардчиллын мөн чанарын нэг давуу тал. Үндсэндээ хүчний тэнцвэр бол Орос, Хятад. Хоёр тал хүчтэй байгаа тохиолдолд жижиг тоглогчийн үүрэг асар их.

Манай энхийг эрхэмлэсэн гадаад бодлого бол Орос, Хятадын хүчний тэнцвэрийг хангах явдал мөн. Хүчний тэнцвэр тогтож л байвал манай улсын ач холбогдол энэ хоёр улсад эрхэм байсаар л байна.

Манай системийг яагаад муу гээд байгааг би гайхдаг. Угаасаа ийм байх ёстой юм. Засгийн газрын ажлын хэрэгжилт жоохон муу явж байгаа. Гэхдээ нэг талд нь ЖДҮ-чид, нөгөө талд нь 60 тэрбумынхан дүүжин даажин дээр суугаад, голдоо ард түмнээ зогсоогоод тэнцвэрээ алдалгүй барьж байгаад бид баясаад сууж байх хэрэгтэй.

Манай Үндсэн хууль дээр засчихмаар, ялангуяа Засгийн газрыг ажил хийдэг болгохоор, дундуур орж ирж байгаа сул тоглогч нарыг хариуцлагатай болгох ёстой зэрэг жижиг жижиг өөрчлөлтүүдийг хийх ёстой. Ер нь манай Үндсэн хууль яагаад мундаг вэ гэхээр зөрчилдөж байгаа ашиг сонирхлуудыг зэвсэгт тэмцэлд хүргэхгүй байгаа учраас маш сайн байгаа юм. Нэг нь гэнэт давамгайлаад нөгөөхөө устгахгүй байгаад 1992 онд батласан манай Үндсэн хуулийн гайхамшиг оршиж байгаа юм. Энэ бол ардчиллын гайхамшиг.

Ардчилал бол яг л машины амортизатор шиг ажиллаж, гадаад гүрний хүчний тэнцвэрийг хооронд нь хангаж, дотоод элементдээ шингээж саармагжуулдаг. Яаж шингээж байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаас харж болно.

О.Машбатын товч намтар

Судлаач О.Машбатын ардчиллын тухай дүгнэлт ийм аж. Америкийн Сан Франциско хотноо Ерөнхий консулаар томилогдон ажиллахаар болсон ардчиллыг эрхэмлэгч, судлаач О.Машбатын товч намтарыг сөхвөл тэрээр:

-1992-1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,

-1996-1998 онд мөн сургуульд эрх зүйн магистр,

-2005-2007 онд АНУ-ын Монтерей хотын Тэнгисийн цэргийн дээд сургуульд Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрийн зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1996-1998 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах,

-1998-2013 онд Стратегийн судлалын хүрээлэнд судлаач, ахлах судлаач, төвийн эрхлэгч, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал,

-2010 оноос Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “О.Машбат: Дарангуй дэглэмтэй улсууд дотоод өрсөлдөгчөө дарахын тулд гадаад гүрэнд өөрийгөө худалддаг

  1. зочин 2018-12-18 11:51 at 11:51

    Ливийн удирдагч кадаффийг дарангцйлагч гээд ардчилагч нар улсыг сүйрүүлээд байж байна. Монгол яагаад , баян ,ядуугийн туйл ,болоод анархизм давамгайлж байна бэ. Эдийн засгийн либераль гэж сурталчилаад нэг ,хэсэг зальтангууд толгойд гарчихсан. Тэд хууль зөрчижчихөөд би зөрчөөгүй гээд мэлзээд байж чаддаг ардчилал бий болсон.

    Хариулах
  2. зочин 2018-12-18 11:51 at 11:51

    Ливийн удирдагч кадаффийг дарангцйлагч гээд ардчилагч нар улсыг сүйрүүлээд байж байна. Монгол яагаад , баян ,ядуугийн туйл ,болоод анархизм давамгайлж байна бэ. Эдийн засгийн либераль гэж сурталчилаад нэг ,хэсэг зальтангууд толгойд гарчихсан. Тэд хууль зөрчижчихөөд би зөрчөөгүй гээд мэлзээд байж чаддаг ардчилал бий болсон.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн