Йемен улсад сүүлийн 4 жил үргэлжилсэн дотоодын дайнд энгийн номхон 10000 иргэн амиа алдаж, 3 сая хүн ажил, орон гэрээ алджээ. Өдгөө 22 сая хүн дайны хөлд нэрвэгдэн хүндхэн амьдарч буйн 13 саяд нь өлсгөлөнгийн аюул нүүрлээд буй. Швед болон Йемений хүмүүнлэгийн гурван байгууллага нэгдэн иргэдийг өлсгөлөнгөөс аврахаар ажиллаж байна. Йемений иргэн, 32 настай Марвам Ал-Сабри: Дайн эхэлж байхад би бүх зүйлээрээ “залуу” байжээ
Ирээдүйдээ итгэлтэй хэвээр, тэмүүлэлтэй ч байсан болоод тэр үү энэ дайн бидний мөрөөдлийг үнс нурам болгох юм гэж төсөөлж ч байсангүй. Миний ихэнх найзууд дайны хөлд үрэгдэн зарим нь амиа алдаж, үлдсэн хэд нь ажил, гэр бүл, мөрөөдлөө гээд сайн сайхан бүхнээ алджээ. Зарим нь бүр эрэмдэг зэрэмдэг ч болсон. Амьд үлдсэн найзуудаа одоо хаана, юу хийж явдгийг мэдэх юм алга, үхсэн ч байж магадгүй. Тайз хотын дайны өмнөх төрхийг харж байгаагүй бол харьцуулахад хэцүү л дээ. Дайралт, дэлбэрэлт, суманд өртөж ийм балгас болохоосоо өмнө энэ хотод би гэр бүлийнхэнтэйгээ ажин түжин, амар тайван амьдарч байлаа.
Одоо хотын зүүнээс баруун хүрэхэд зарцуулагддаг 6 цагийн хугацаанд аюултай зам, хонгилуудаар нэвтрэх хэрэгтэй болно. Өмнө нь бид хотын нэг захаас нөгөөд хүрэхэд аз жаргалтай 10 минутыг зарцуулдаг байсан юм шүү дээ хэмээн ярьжээ. Одоо хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж эх орон нэгтнүүддээ туслах ажилд сэтгэл зүрхээ зориулж яваа Марвам Ал-Сабри өөрийн түүхийг яриад уйлж эхэлсэн гэдэг. Дайнаас өмнө жил бүр гадаадын оюутнууд зорин ирж анагаах ухаан, инженерингийн чиглэлээр суралцдаг байсан Тайз хотын армид алба хааж буу зэвсэг эзэмшиж сурахаар зорьдог хүн нэгээхэн ч байгаагүй юм шүү гэж ярьсан түүний яриаг сүйрсэн хотын балгас дунд суугаад сонсоход итгэмээргүй санагдах аж.
Энгийн иргэд дайны хөлд хэрхэн зовж, амьдрал нь там болж буйг хүүрнэсэн өөр нэгэн хүн нь Мохаммад Махиоуб Ахмад Сайф байлаа. Мохаммадын охин дайн эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө хайртай залуутайгаа хуримлаж амьдралаа эхлүүлжээ. Харамсалтай нь дайн эхэлсэн тэр хар долоо хоногт охин дэлбэрэлтэнд өртөж өрөөсөн хөлөө тайруулсан гэнэ. Мохаммадын амьдарч байсан тосгон тэр чигтээ тэсрэх бөмбөг нуусан талбай болон хувирч хар дарсан зүүдэн дундаа амьдрахтай ижил болж. Нутгаасаа нүүхээр шийдсэн Мохаммад байшингаасаа эхлээд үнэд хүрэх бүхнийг зарж гэр бүлийнхнээ дагуулан дүрвэж явсаар өнөөдрийг хүрчээ. Одоо тэдний гэр бүлийн амьд үлдсэн гишүүд ямар ч хаалга, цонхгүй балгас дунд гол зогоох төдий зүйлээр л өлсгөлөнгийн байдалтай амьдарч буй.
Дөрвөн жил үргэлжилсэн энэ дайн надад амар тайван өнгөрүүлсэн өдрүүдийн минь үнэ цэнийг ойлгуулдаг. Тэгээгүй бол би амар, тайван амьдралын утга учрыг ойлгохгүй өнгөрөөх байжээ. Дайны бидэнд өгсөн ганц зүйл нь энэ л юм даа гэж ярих бүсгүйг Хадил Ал-Сенви гэдэг. Тэрээр 27 настай бөгөөд Сана хотод боловсролын ажилтан хийдэг. “Йеменчүүдийн амьдрал нэг бүрийг энэ дайн өөрчилсөн. Хүмүүсийг хараад би хоосорсон байгааг нь мэдэрдэг. Хамгийн гунигтай зүйл нь ямар ч гэмгүй, гэгээхэн хүүхдүүд дайны хохирогч болж буй явдал. Нэг итали найз маань надад йемен хүүхдүүдийн царай яг л хөгшин хүмүүсийнх шиг болсон байдаг гэж хэлснийг би мартаж чадахгүй л явна” гэжээ.
Дайн эхэлсэн түүх: Нийт хүн амынх нь 40 хувь шийт, үлдсэн 60 хувийг суннитууд бүрдүүлдэг Йемен улсад шашны олонх нь цөөнхөө үеийн үед дээрэлхэж ирсэн аж. Олон арван жилийн түүхтэй шашны урсгалын сөргөлдөөн 2014 онд шийтүүдийн доторх урсгал болох хуситууд суннит ерөнхийлөгчийнхөө аминд хүрэхийг завдсанаараа дэвэрчээ. Хуситууд ерөнхийлөгчийнхөө аминд хүрч чадсангүй, ерөнхийлөгч нь ч Саудын Араб хэмээх гол авран хамгаалагч руугаа очсон гэдэг.
Харин өнөөгийн хар дарсан өдрүүдийн эхлэл нь 2015 оны хоёрдугаар сард болсон шийт, суннутуудын хоорондын 6 дахь мөргөлдөөн байлаа. Иргэний дайн дэгдэж эхлэхтэй зэрэгцэн Саудын Арабаас хөхиүлэн дэмждэг суннитуудаа хамгаалах нэрээр Йеменийг эзлэх санаагаа гүйцээхээр нийслэл Сана хот, хойд зүгийн Сада хотуудыг 10 хоногийн турш бөмбөгджээ. Хоёрдугаар сард эхэлсэн дотоодын дайныг Саудын Арабын дөрөвдүгээр сард хийсэн бөмбөгдөлт улам дэвэргэж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.
Өдгөө шийт, суннит болон хуситууд өөрсдийн ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр авсан зэр зэвсгээрээ жижиг гэлтгүй хотуудыг эзлэн авч, Йемен улс гэдэг нэр л үлдэж нутаг дэвсгэр нь шийт, суннит, хуситын эзлэн авсан гэсэн дайны газрын зурагтайгаар байгаа юм. Амьдрал залгуулах зүйлгүй болсон энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэн зовохын зэрэгцээ өлсгөлөнгөөр биш өөрийн хүслээр амьдралыг орхих явдал ч газар авчээ.
Eagle.mn