МN-25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өчигдөр (2018.12.11) ярилцлага өгсөн “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярилцлага нийгмийн анхаарлын төвд орж ирлээ. Монголд авлига нүүрлэсэн гэж ярьж байгаа ч, өөрөө авлига өгснөө зарласан авлигын гэрч төдийлөн гарч ирдэггүй. Харин энэ удаа Т.Ганболд авлига өгсөн.
Өгөхдөө Улсын ерөнхий прокурорын албан тушаалыг хашиж асан Д.Дорлигжавт 4 сая ам. доллар өгсөн хэмээн мэдэгдлээ. Энэ бол Монголд яригддаг авлигын гэрчилсэн хамгийн олон оронтой тоо, их хэмжээний мөнгөний тухай яриа байв. Түүний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
-Сүүлийн үед 60 тэрбумын асуудал нэлээд маргаан дэгдээж, УИХ-ын даргыг огцруулах кампанит ажил явагдаж байна. Жилийн өмнөөс Доржзодовтой саунд анх 60 тэрбумын схемийг ярилцаж байсан хүний нэг гэж таны тухай яригдах болсон. Доржзодов бол таныг өөрт нь нэг сая доллар амлаж байсан тухай ч ярьсан. Энэ дээр та тайлбар өгөх үү?
60 тэрбумын бичлэг гэж энэ асуудал анх олон нийтэд ил болж задарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ мэдээж МАН-ын өрсөлдөгч талын гол сэдэв, нийгмийг нэлээд цочирдуулсан гол сэдэв болж явсан. Би тэр Доржзодов гэдэг залууг таньдаг байсан. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга ЖМөнхбат, Доржзодов хоёрыг уулзалдуулж өгсөн юм. Эр хүмүүс, уулзалт саунд болсон. Тэрнээс болоод Доржзодов яриа үүсгээд, Ж.Мөнхбат ч гэсэн тайлбар өгөөд нэг ийм юм болсон.
-Тэгэхээр та Доржзодов, Ж.Мөнхбат хоёрыг хооронд нь танилцуулаад намын санхүүжилтийн асуудал дээр яриа үүсгэсэн юм аа даа?
-Яг тийм юм болоогүй юм аа. 2016 оны УИХ-ын сонгуулиар анх энэ сэдэв өөрөө задраад МАН УИХ-д 65 суудалтай, мундаг том эрх мэдэлтэй хүчин болоод, засаг захиргаа, хууль хүчний байгууллага тэр талд байх үед Доржзодов гэдэг залуу жил гаруйн хугацаанд мөрдлөг мөшгилөг, цагдаа тагнуул, бүх л хууль хүчний байгууллагын дарамтанд явсан болж таарсан юм уу даа. Тэгээд хөөрхий ХҮН намд зөвлөх хийгээд явж байсан залуу л даа. Тийм нэртэй байсан, би тэгж ойлгоод …
-Нэрээ сольчихсон юм уу?
-Үндсэн нэр нь Доржзодов юм билээ л дээ. Бид нар Болд гээд, яагаад ч юм тэгээд танилцчихсан байсан. Энэ залуу яагаад ч юм, тийм болохгүй бичлэгийг ил гаргасан, үнэн. Энэ жил гаруйн хугацаанд 2017 оны сонгууль хүртэл мөрдүүлээд, хувь хүнийхээ хувьд маш хүнд байдалд орчихсон. Гэр бүл, үр хүүхдээ эрсдэлд оруулчихлаа, ийм болчихлоо, тийм болчихлоо Ганболд ахаа надад туслаач гэдэг ийм байдлаар л надад хандсан юм. Тэгээд яахав, би энэ залууг өрөвдсөн, хүнийх нь хувьд.
Мэдээж, орлогогүй, ажилгүй, цалингүй, дээрээс нь бүрэн эрхийг аягүй том хэмжээгээр авсан энэ том намын, энэ том системийн машины эсрэг, иргэн хүн ганцаараа болж бүтэхгүй юмыг задалчихсан гэдэг утгаараа маш том дарамтанд орчихсон явж байсан. Энэ залуугийн хүсч байсан юм нь “би одоо гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, аль болохоор амьд мэнд, аюулгүй гадагшаа гарчихмаар байна. Хилийн хориг, эрүүгийн хэрэг гээд энэ тэнд юм үүсчихсэн. Маш хүнд байна аа гэж хүсэхээр нь би бас Ж.Мөнхбаттай уулзуулж өгсөн.
-Тухайн үед Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд томоохон албан тушаалтай байсан учраас энэ хүнд тэрнийг хамгаалах боломж байгаа гэж горьдсон юм байна, тийм үү?
-Тэгсэн, тэгсэн. Тэгээд би яахав, Мөнхбаттай уулзаж энэ залууд ингээд нэг туслах, ийм тийм юм байна уу. Энэ залуу тэгээд гадагшаа гараад явчихвал гэдэг утгаар нь ярьж, танилцуулж, уулзуулж өгсөн. Тэгээд энд нь ямар нэгэн үр дүн болоогүй, та бүхэн мэдэж байгаа.
-Уулзалт үр дүнгүй болсон гэж үү?
-Тийм, тэгээд энэ уулзалт ямар нэгэн үр өгөөж өгөөгүй. Тэгээд Доржзодов ч энийгээ хэвлэл мэдээллээр мэдэгдээд, намайг ингэсэн, тэгсээн гээд. Цагдаа ч хамгаалалтанд авч байна гээд бөөн сенсаци болоод, энэ чинь Америк айлд толгой хоргодоод нэг ийм л юм болсон.
Доржзодовт сая доллар өгнө гэсэн тухай яриа худлаа
-Тэгсэн тэгсэн, тэгээд юун сая долларын асуудал гараад ирсэн юм бэ. Та чинь Доржзодовт сая доллар амласан. Тэр юунаас болоод ийм юм болоод явчихав?
-Тэр залуу нэг их мөнгө нэхсэн ч юм байхгүй. Яг юу хүсээд байгааг нь сайн ойлгохгүй, би бас янзыг нь үзнэ гэдэг ч юм уу, нөхцлийг нь … Яг яах гээд байгааг нь мэдэх утгаар “Чи одоо мөнгө авах гээд байгаа юм уу, яг юу хүсээд байгаа юм. Яг хэдийг авах гээд байгаа юм. Чи сая доллар авах гээд байгаа юм уу” гэсэн ийм ярианы хэлбэрээр л асууж байсан юм.
Тэгэхэд мань хүн “Яг мөнгө төгрөг бол сонин биш ээ. Миний аюулгүй байдал, гэр бүлийн аюулгүй байдал энэ л чухал байна. Би энэ системийг ганцаараа дийлэхгүй. Аягүй бол 2017 оны сонгуулиар МАН-ын нэр дэвшигч ялах юм шиг байна. Би тэгээд бүр дуусах байх. Намайг хорлоод алчих ч юм бил үү. Намайг гадагшаа явуулахад , түр зуур хилийг нээж өгөх, энэ тал дээр харилцаа холбоо, мэддэг таньдаг хүнээ гуйж өгөөч, тусалж өгөөч ээ гэхээр нь биз зүгээр өрөвдөөд л энэ уулзалтыг зохион байгуулж өгөөд… Түүнээс биш хүмүүсийн, олон нийтийн хардаад байгаа шиг нэг нь мөнгө өгөх гээд байгаа юм шиг, нөгөөдөх нь мөнгө авах гээд байгаа юм шиг хоёр талын байр суурь бол худлаа л даа.
-Та Доржзодовтой Болд гэдэг нэрээр нь ХҮН намд хамтарч ажиллаж байсан гэж байна. Доржзодов тэгэхээр энэ 60 тэрбумын схемийг санаачилсан хүн бол таарч байна уу. Юунаас болоод энэ схемийг би мэдэж байсан, би гаргаж ирсэн гэж яриад байгаа юм бол?
-2005 оноос эхлээд л тухайн үеийн МАХН, өнөөдрийн МАН-д элсэж, Бага хурлынх нь гишүүн болж олон жил явсан л даа. Тэгээд яахав, би тэгэхээр МАН-тай илүү ойрхон гэсэн үг. Би тэгээд МАН гэж намаас 2015 оны сүүлээр гараад ХҮН намд орсон. Би бас 40 хүртэлээ хулгай хийж үзээгүй, мэдлэг боловсролтой ийм залуучуудыг дэмжих юмсан. Бас нэг шинэ уур амьсгалыг энэ улс төрд, нийгэмд оруулах юмсан гэдэг үүднээс энэ залуучуудад туслаж, дэмжье гэж орсон.
Харамсалтай нь энэ намд элсэж орсныхоо маргааш нь, энэ намын тухайн үеийн ЕНБД байсан Доржханд цочирдмоор л юм ярьсан л даа. Яг гайхалтай нь энэ 60 тэрбум гээд байгаа схемийг хамгийн түрүүнд энэ ХҮН нам дотор ярьж байсан. Тухайн үед, санаж байгаа бол сонгуулийн систем нь холимог байсан, тодорхой хэсэг нь можаритар, тодорхой хэсэг нь нэрсийн жагсаалтаар… Энэ нэрсийн жагсаалтад нэгдүгээр бичигдэхэд тэдэн тэрбум, хоёрдугаарт бичигдэхэд тэдэн тэрбум гээд бүр ханш гаргасан юм.
-Тийм, таван тэрбумаас доошоо явж байсан …?
-За, Доржханд маань ийм ханш гаргаад, энэ дотор байсан гэрэл гэгээг харах гэсэн, нийгмийн шударга ёсыг хүсэмжилсэн маш олон мэдлэг боловсролтой, салбартаа тэргүүлсэн, гадаадад ихэвчлэн сургууль төгссөн маш олон залуучууд сэтгэл санаагаар гутарсан. Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн 70-80 хувь нь энэ дээр эсэргүүцсэн. Юу ярьж байгаа юм бэ гээд.
-Намын жагсаалтыг үнэлэх хэрэггүй ээ гэж эсэргүүцсэн юм байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав, энэ чинь өөрөө ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо шал эсрэг, наймааны схем болчихоод явчихлаа шүү дээ.
-Мөнгөтэй хүн л жагсаалтанд орно…
-Мөнгөтэй хүн жагсаалтад орох үндэслэлтэй. Тэгээд надад тийм хэдэн тэрбумын, тэддүгээр байрт орох гэсэн болзлууд тавиад, би гайхаад больсон. 2009 онд С.Ганбаатар МҮЭ-ийн холбооны дарга байхдаа энэ намыг өөрийнхөө туслахын нэр дээр бүртгүүлээд …
-Бэлэн бүртгэлтэй байсан нам л гэж яриад байсан л даа…?
-Тийн, бэлэн бүртгэлтэй байсан намыг тухайн үед ийм сайхан зөв юм ярьсан, боловсролтой залуучууд дээр суурьлаж, залуучуудын бас нийгмийн идэвхитэй болгоно гэсэн нэг их тийм гэнэн, цайлган цагаан юм ярьж С.Ганбаатар эд нартай нийлсэн юм. Тэгээд өөрөө гудамжнаас их соёлтойгоор, уригдаж орж ирж байгаа мэт тийм байдлыг харагдуулна гэх мэт.
Тэгээд яахав, энэ намын Их хурлыг хийгээд бараг 98-99 хувийн саналаар С.Ганбаатарыг даргаар сонгосон. Тэнд Б.Найдалаа, Т.Доржханд гээд тэр залуучууд бүгд өөрсдөө саналаа өгч байсан. Тэгээд С.Ганбаатарыг дарга болгочихоод, дараа нь буцаагаад дарга биш болгоно гэсэн зодоон эхэлсэн.
-Та ер нь энэ АН-ын дарга асан З.Энхболдын захиалгаар ХҮН намыг санхүүжүүлнэ гэж энэ намын дотор орж ирээд, бодит байдал дээр энэ намыг 2016 оны УИХ-д оролцуулахгүй байх бүх л зохион байгуулалтыг хийж, намынх нь тамгыг хуурамчаар үйлдээд АН-ыг манай нам дэмжиж оролцоно оо гээд та ХҮН гэдэг намыг байхгүй болгочихсон юм биш үү. Ингэж хараад байгаа шүү дээ?
-Би түрүү хэлсэн. Олон жил МАН-д байсан болохоор тухайн үед ХҮН нам дотор намайг МАН-ын тагнуул гэдэг байсан л даа.
-Өө за, тэгэхээр АН-ынх биш болж таарч байна уу?
-Тэр хэсэг нөхөд маань бол тэгж ярьдаг байсан. Тухайн үед АН-ын дарга байсан З. Энхболд гуайтай би танилцсан, уулзсан. Би энэ хүнтэй бол сайн танил биш. Албан ёсны УИХ-ын дарга байсан. Би тэр хүнтэй уулзаж, энэ сонгуулийн хуулийн хэлбэр дүрсийг өөрчилж, нэг бол томсгосон можаритар, эсвэл энэ холимог системийг авна гэж ийм юм ярьж, том намын, эрх барьж байгаа намын дарга гэдэг үүднээс би хөөцөлдөж байгаад уулзаж, танилцаж байсан. Тухайн үед З.Энхболд дарга намайг инээж, нэг тийм ёжлонгуй хүлээж авч байсан.
ХҮН намын удирдлагууд гэж АН-ын дарга асан З.Энхболдын хувийн хүмүүс, баахан тагнуул, Арслан тайж нар
-Таныг дуудаагүй, та өөрөө очиж уулзсан юм уу?
-Тийм, би өөрөө хөөцөлдөж байж уулзсан. Тэгээд намайг их ёжлонгуй хүлээж аваад “Та нарын энэ нам мам гэдэг хүүхдийн тоглоом гэсэн утгатай, С.Ганбаатараар даргаа хийчихсэн гээд. Тэгээд яахав, бид нар өөрсдийнхөө үзэл баримтлалаар л явж байсан. Боломж байгаа юм болов уу гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгсэн З.Энхболд гуай надад ёстой гол гонсойхоор юм хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр “Танай Найдалаа, Гантулга гэдэг залуучууд чинь миний хувийн бизнесийг хийдэг, миний хувийн төсөл дээр суудаг. Ийм миний, хуурай дүү нар. Манай АН-ын ҮЗХ-нд Увсаас орох гээд над дээр энэ өргөдөл анкет нь байж байна” гээд хэлж байсан.
Ингээд ХҮН намын Удирдах зөвлөл, удирдлагын багт нь явж байгаа хүмүүс маань АН-ын даргын, З.Энхболдын хувийн хүмүүс болоод хувирчихлаа. Би гайхаад, би энэ МАН дотор бүх л хүмүүсийг нь танина л даа. Удирдах зөвлөлийнхөн гээд. Тэгээд би гайхаад МАН-ынхантай уулзлаа. Тэгсэн манай намын ЕНБД Доржханд МАН-ын даргын өрөөнөөс салдаггүй. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхад яамнаас нь салдаггүй, хуурай ах дүү. Ийм нөхцөл байдалтай.
Бас Хурц гэдэг хүний хуурай дүү болчихсон ч гэх шиг. Ингээд ийм утгагүй юмыг бодит хүмүүс сонсоод эхлэхээр нөгөө нам гэж хөөрцөглөөд, мөрөөдөөд байсан юм чинь баахан тагнуул, Арслан тайж нараас бүрдсэн юмнууд. Энд орж ирж өөрсдөө С.Ганбаатарыг дарга болгож сонгочихоод буцаагаад авч хаяна, онхолдуулж хаяна, огцруулж хаяна гээд зодоон хийгээд эхлэхээр цаад учир шалтгааныг ойлгосон. Ийм, ийм дээрээсээ удирдамж даалгавартай…
-Таны ярианаас би юу ч ойлгосонгүй… Найдалаа, Гантулга нар З.Энхболдын хувийн бизнесийг хийдэг хүмүүс гэж яриад байна. Тэгвэл та яагаад УИХ-ын сонгуульд ХҮН нам АН-ыг дэмжинэ, бие дааж оролцохгүй гэж мэдэгдэл хийсэн юм бэ. Та АН-ын хүн биш болж таарах гээд байна уу?
-Би АН-ыг, бид нар байр сууриараа дэмжинэ гэсэн. Яагаад гэвэл тухайн үед намайг МАН-ын тагнуул гэдэг хэл яриа нам дотор нэлээн хүчтэй явчихсан байсан. Бид нар нэгэнтээ сонгуульд орж чадахгүй нь тодорхой болчихсон. Энэ сонгуулийн систем маань өөрөө огцом өөрчлөгдсөн шүү дээ. Жижиг намууд сонгуульд ороод ялах ямар ч боломжгүй болгоод… Жижиг можаритар болгосон. Хамгийн сүүлд хоёр том нам хоорондоо тохиролцож байж гаргасан.
Тэгээд нэг ёсондоо хоёр Энхболд дарга аль алиндаа нийцсэн ийм нөхцлийг зөвшөөрч, энийгээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хамгаалж, тэрүүгээрээ бамбай хийсэн. Тэгээд яахав, бид хоёрын хэн нэг нь л ялаг гэсэн уралдаан болсон шүү дээ.
-Би таныг гайхаад байна. Уг нь бол та ХҮН намаа сонгуульд оролцуулахын төлөө бүх хүчээ дайчлах ёстой байсан. Гэтэл яагаад АН-ыг дэмжсэн гэж…?
-ХҮН нам яагаад сонгуульд оролцох боломжгүй болчихсон бэ гэхээр түрүүн хэлсэн бид нарын дунд үүссэн, хэдэн нөхдийн маань маш хүн чанаргүй жудаггүй асуудлууд гарсан. Энэ нь юу вэ гэхээр Намын их хурлаар 97-98 хувийн саналаар С.Ганбаатарыг дарга болгочихоод, Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх гээд очихоор С.Ганбаатарын хажуугаар өөрөө дэмжиж байсан хэрнээ Б.Найдалаа маань таван хүнтэй хурал хийж, гарын үсэг зураад “Би намын дарга. С.Ганбаатарыг бүртгэж болгохгүй” гэж хөөцөлдөж гүйсэн.
Улсын дээд шүүх “Манайх маргааш шийддэг газар биш ээ, бүртгэл хийдэг газар” гэдэг тайлбараар огт хүчин төгөлдөр бус намын хурал, протокол гээд бүрдүүлэх материал нь огт байхгүй ийм хүмүүсийн тайларбаар С.Ганбаатарыг бүртгэхгүй хоёр удаа буцаасан. Нэг ёсондоо бүргэлийн үүрэг гүйцэтгэх Улсын дээд шүүх гэдэг байгууллага маань улс төрийн захиалагч болоод хувирчихсан.
Би 2005 онд энэ гудамжны Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарын бужигнаж байсан жагсаалыг анх санхүүжүүлсэн
-Таныг бол С.Ганбаатарын авчирч танилцуулсан хүн гээд байна. Өөрөөр хэлбэл С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд ар тал нь болж явсан хүн учраас энэ хүний төлөө л бүх юмаа хийсэн гэж яриад байх шиг байсан?
-Хөөрхий муу С.Ганбаатар чинь нэг их хортой хүн биш шүү дээ. Нийгмийн нэг хэсэг нь шоолоод, муулаа л байдаг. Бас л эх орон гэсэн өөрийн үзэл бодолтой, нийгэмд бол хар муу юм юу ч хийгээгүй. Би энэ залууг Иргэний хөдөлгөөний үеэс, ер нь энэ хөдөлгөөнтэй холбоотой бүх залууг танина л даа. Би 2005 онд энэ гудамжны Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарын бужигнаж байсан жагсаалыг анх санхүүжүүлж байсан.
-Тухайн үед жагсаал санхүүжүүлэхэд хэдий хэмжээний мөнгө гарч байсан бэ?
-Өө шальтай юм байхгүй. Эд нар чинь цөөнхийн, олигархижсан тогтолцооны эсрэг л гэж тэмцэж байсан. Энэ залуучуудыг дэмжихэд юу байхав дээ. Тэр нэг хоолойд зүүж байгаа нэг даавууны өөдөс зангиа, хэдэн поошик, будаг мудаг, палакат, даавуу, цагаан хоолой моолой, хэдэн хуушуур муушуур, нэг муу ус мус. Нэг ийм л юмнууд санхүүжүүлсэн.
-Жагсаалд оролцож байгаа хүмүүст нь хэдэн төгрөг тараасан юм байна уу?
-Өө тийм юм байхгүй. Ж.Батзандан энэ хэд л толгойлж байсан. Өнөөдөр Ж.Батзандан ямар хэмжээний хүн болчихсон явж байна, харагдаж л байгаа байх.
-Нэг удаагийн жагсаалыг санхүүжүүлэхэд хэдий хэмжээний мөнгө гарч байсан бэ. Та тоог нь хэлж болох уу?
-Үгүй ээ, тухайн үед энийг тоо моо гэж цээжлэхээргүй, сүртэй юм гарч байгаагүй ээ.
-50-100 сая төгрөг гарч байсан уу?
-Үгүй ээ, яаж дээ. Мөнгөний ханш шал өөр юм байсан ш дээ.
-Одоо бол 100 саяаас буухгүй байгаа даа?
-Үгүй ээ, одоо тэр залуучуудын чинь хамгийн гол нь итгэл үнэмшил, зүтгэл нь байсан байхгүй юу. Тэр нь 80-90 хувиа эзэлдэг байсан юм. Мөнгө санхүү гэдэг нь 5-10 хувиа л эзэлдэг байсан. Өнөөдрийн жагсаал бол мөнгө нь 70-80 хувиа эзэлчихсэн. Тэр хүмүүсийн оролцоо гэдэг нь 10-20 хувиа эзэлчихсэн болохоор нэг тийм мундаг, хүчтэй харагдаж чадахаа байсан байхгүй юу.
-Жагсаал санхүүжүүлсний үр дүн гэж юу байна. Магадгүй, цаанаа бас нэг зорилго сонирхол байгаад байна аа даа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ашиг сонирхлыг нэг гүйцэлдүүлэх гээд жагсаал цуглаан хийлгээд, захиалга өгөөд явуулаад байх шиг байна аа даа, тийм үү?
-Үгүй ээ, үгүй. Тэд нар чинь ямар нэг том сайд, дарга нар байсан ч биш. Тухайн үед би тэдэнтэй ойролцоо намны залуу хүн байсан болохоор нийгэмд тодорхой хэмжээний гэрэл гэгээ ороосой, олон талт улс төрийн тогтолцоо үүсээсэй. Нэг хоёрхон нам улс төрийг ингэж барьдаг ийм тогтолцооноосоо гараасай. Бас нэг зөв хүмүүс гэж өөрийнхөө тухайн үед ойлгож байсан энэ залуучуудыг улс төрийн салбарт ороосой гэж бодлоор дэмжиж байсан.
Түүнээс биш би эд нараас юу гуйхав дээ. Эд нар чинь хөөрхий эрх мэдэлгүй улсууд, надад хариуд нь нэг лиценз ч юм уу, нэг тендер ч юм уу, нэг зээл ч юм уу авч өгч чадахгүй шүү дээ.
-Магадгүй та эрх баригчдыг Иргэний хөдөлгөөнийхнөөр жагсаал цуглаан хийлгүүлж, шантааж хийж байгаад, магадгүй өөрийнхөө лицензыг сэргээдэг, эсвэл хугацааг нь сунгадаг ч юм уу нэг тийм л асуудал зохицуулж байсан байх. Эсвэл ард нь алтны лообий хийдэг ч юм уу. Тэгж хардаад байна шүү. Мөнгийг зүгээр гаргана гэж байхгүй дээ?
-Тэр үед эрх баригчид гудамжны хөдөлгөөнийг ёстой нэг ялаа төдий л тоодог байсан. Эд нартай наймаалцаад, жагсаалаар далгайлгаж хүмүүстэй, улстөрчидтэй улс төрийн сандал суудал, эрх мэдэл мөнгөний наймаа энэ тэр хийдэг юм огт байгаагүй. Тэрэн дээр хардах юм огт байхгүй.
Том нам нь том мөнгө ярьдаг, жижиг нам нь тэрнээсээ арай багавтар мөнгө ярьдаг юм байна гэдгийг л би өөр дээрээ ойлгосон л доо. ХҮН намд байхдаа. 2015 онд ХҮН-д ороход бизнесийн салбараас анхных нь хүн би байсан.
-Та том нам том санхүүжилт, жижиг намууд нь жижиг санхүүжилтийн схем зохиодог юм билээ гэж. АН дотор энэ 60 тэрбумын асуудал яригдаж байхад, тэр бичлэг доторхи яриаг хэн бичиж аваад, хэн тэр санааг хүмүүст хэлчихсэн юм бол?
-Тэрийг бол ёстой мэдэхгүй. Зүгээр энэ 60 тэрбумын бичлэг 2016 оны сонгуулийн өмнө дөнгөж задарсан. Тэгэхэд бол …
60 тэрбумын зохиогчийн эрх Доржхандад хамаарна, тэр ХҮН намынхныг ингэж эрэмбэлсэн
-Доржзодов энэ бичлэгийг хийсэн болж таарах гээд байна уу гэж л асуугаад байна ш дээ?
-Тийм л байх. 2016 оны тавдугаар сард бил үү, зургаан сард энэ бичлэг задарч байсан. Доржзодовт ийм бичлэг байдгийг бид нар мэддэггүй байсан. 2015 онд ийм мөнгөөр, сонгууль хийвэл мөнгө төлнө энэ тэр гэсэн, ерөнхийдөө 60 тэрбум шиг ижил төстэй ийм схемийг, зохиогчийн эрхийг булаацалдахуйц хэмжээнд манай тэр Доржханд гэдэг залуу ярьж, болзолуудыг тавьж, хүмүүсийг эрэмбэлж байсан. Тэгээд энэнээс үүдээд …
-Өө за за, та хүний нэр төрд халдаад байгаа юм биш биш дээ?
-Үгүй ээ одоо яг л бодит байдал л даа.
-Ардын нам 60 тэрбумын схемийг бий болгосон гэж би одоо ч гэсэн ойлгож явтал та бол “ХҮН намын Доржханд зохиосон гээд эхэллээ л дээ?
-Харамсалтай нь тийм л юм болсон.
-Та хариугаа авах гэж ийм мэдээлэл өгөөд байгаа юм биш биз дээ?
-Үгүй одоо хариугаа аваад байх ч юу байхав дээ, хөөрхий. Би тэд нартай өрсөлдөгч биш. Тэр залуучууд маань ийм муухай бусармаг юм хийж… Энэ залуучуудын дийлэнх олонхи нь нийгэмд сайн сайхныг хийе гэж бодож мөрөөдсөн хүмүүс байгаа. Хэсэг бүлэг бас нэг… Өнөөдөр нэг гаж юм үүсчихэж. Өнөөдөр хүний нүүр лүү харж байгаад тэмээг ямаа гэж ярихыг улс төр гээд ойлгочихож.
Ийм юмыг телевизээр энэ том улстөрчид ч их харагдуулах юм, залуучууд ч бас тэгж ойлгодог болоод хүний нүүр лүү харж байгаад улайм цайм худлаа ярьж, хөнгөн аргаар цагаан гарлаж байгаад нийгэмд нэг хадаас зоож, нэг бүтээн байгуулалт хийхгүйгээр хялбархан, төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл рүү улс төр гэдэг юмаар дамжиж, хялбархан баяжих гэсэн ийм бодолтой хэсэг залуучууд энэ ХҮН нам дотор бас байдаг.
-Та энэ нам руу их л айхтар дайраад байна даа?
-Энэ миний сэтгэл зүрх, цаг зав, мөнгө санхүүг бас зарцуулсан нам л даа. Энэ ч бас миний л нам. Тэгээд гутраад …
-Та хөндлөнгөөс нь дундаас нь орж ирсэн гээд яриад байгаа шүү дээ?
-За яахав дээ, С.Ганбаатар бүртгэгдэж дийлэхээ байгаад, энэ намын удирдах байгууллагыг сонгуулийн өмнө хуралдуулаад намайг 96 хувийн саналаар даргаар нь сонгосон. Гэтэл Улсын дээд шүүх дахиад л намайг бүртгээгүй. Намын тамга, тэмдэг, гэрчилгээ бүх юм над дээр байсан. С.Ганбаатараас надад ирсэн. Гэтэл одоо тамга тэмдэг нь надад, сейфэнд байж байхад УДШ Б.Найдлааг бүртгэчихэж байгаа юм.
-Хоёр том нам ХҮН гэдэг намыг устгах гэж, юу ч биш болгох гэж тагнуулуудаа явуулсан гэж хардаад байгаа. Тэрний нэг нь таныг гээд байгаа. Энэ дээр Та тайлбар хэлэхгүй юу?
-Еээ, миний тагнуул гэж юу байхав дээ. Би чинь бас хөөрхий минь өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт хэн нэгний харъяалалд орохгүй, хэн нэгний охин компани болохгүй, өөрөө өөртөө бас нэг тусгаар тогтнол тогтоочих гээд тэмцээд явдаг. Хэн нэгний цүнх баригч биш, хэн нэгний янз бүрийн хамаарлаар албан тушаалын өндөрлөгт хүрэх, янз бүрийн аргаар улс төрд орох ийм боломжууд зөндөө байсан. Би тийм юм даанч ашиглаагүй л дээ.
-Гэхдээ бизнесийнхэн аль нэг намын сонгуульд дэмжлэг үзүүлж, эргээд тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө бизнесийг амжилттай явуулах ийм шийдвэрийг гаргуулдаг гэж харсан л даа. Та өнгөрсөн хугацаанд Ардын намд ч юм уу, Ардчилсан намд ч юм уу, эсвэл гуравдагч намд тодорхой хэмжээгээр санхүүжилт дэмжлэг үзүүлж ирсэн биз дээ?
-Би хувь хүмүүсийн хүрээнд, найз нөхдийг бол дэмжиж туслаж байсан. Тэр нь бол нам харгалзахгүйгээр… Мэдээж хэрэг олон жил МАН-д байсны хувьд Бага хурлын гишүүн байсны хувьд энэ хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж явсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Би МАН-аас ямар нэгэн улс төрийн албан тушаал авч байгаагүй. Надад янз бүрийн хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ЖДҮДС алинаас нь ч авсан ямар ч түүх байхгүй.
-Өөрөөр хэлбэл намдаа өгч байсан хандивынхаа, ямар нэгэн тусламжийнхаа хариуг огт авч үзээгүй гэсэн үг үү?
-Авч байгаагүй, авахыг ч хүсээгүй. Авах гэж хөөцөлдөж ч үзээгүй.
-Эргээд ач санаад танд ямар нэгэн саналыг намаас чинь тавиагүй гэсэн үг үү?
-Та ч гэсэн мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр улс төр гэдэг маань бүлэглэлийн тоглоом болсон. Энэ бүлэглэлийн тоглоом дотор аль нэг бүлэгт байж байж ийм юманд хамрагдана. Түүнээс над шиг удирдлагагүй, хамааралгүй, дураараа, өөрийнхөө бодсон зорилгоороо, зоргоороо хүн бол … Азтайдаа би өнөөдөр ингээд явж байна. Азгүйнүүд нь бүгд хэрчүүлээд махны машинд ороод дууссан шүү дээ.
-Та яахав, өөрийгөө намын харьяалалгүй гэж байна. Аль ч бүлэгт хамааралгүй гэж та өөрийгөө хамгаалаад байна. Гэхдээ бол би таныг аль ч талд нь тал алддаггүй, нам дамжсан бүлэглэлийнхний нэг юм болов уу гэж хараад байна?
-Тийм байхгүй ээ, надад. Би үүнийг 100 хувь хэлнэ. Надад нам бүлэглэлийн харъяалал огт байхгүй. Байсан бол яалаа гэж шорон оронгоор дамжаад, янз янз болоод явах вэ дээ.
С.Дэмбэрэл гишүүнээр кноп даруулахын тулд таныг шоронд хийсэн гэж Та хэлэх гээд байна уу?
-Нээрээ та чинь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “аавын хаалга” татаад авлуу яал аа. Тухайн үед чинь таныг С.Дэмбэрэл гишүүний хамаатан, дүүтэй хоригдсон гэж яригдаад байсан…?
-Би тухай үед УИХ-ын гишүүн байсан С.Дэмбэрэл гэж гишүүний үеэл нь…
-Эгчийнх нь үү, ахынх нь уу?
-Эгчийнх нь хүүхэд л дээ. Тэгээд яахав, тэр утгаараа С.Дэмбэрэл ахтай ойрхон байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд асан сая бас хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллээр ярьсан. Тэрийг дагаад сонирхож байх шиг байна. Би Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг байх үед “аавын хаалга” татна гэдэг юм уу. Бас нэг тийм байдалд орсон, үнэн.
-Шударга бусын хонгилоор нь орсон уу, бас нэг өөр шалтгаан байсан уу?
-Орсоон орсон. Тэрүүгээр нь орсон. Н.Алтанхуяг гуайн хэлж байгаа тэр кнопыг, дүүгээр нь барьцаалж, ингэдэг тэгдэг… Тэр ч болж байсан.
-Юу… С.Дэмбэрэл гишүүнээр кноп даруулахын тулд таныг шоронд хийсэн гэж Та хэлэх гээд байна уу?
-Тухайн үед миний … Энэ шоронгийн түүх, мүүхийг ярих юм бол та бид хоёрын цаг ч дуусахгүй байх.
-Тийм үү, үгүй юу гэж би асуугаад байна…?
-Тийм л юм болдог байсан юм. Тэр тогтолцоо бол өнөөдөр нууц биш, байдаг. Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудыг улс төрийн ашиг сонирхлоор ашигладаг уу, үнэн үү, үнэн. Тухайн үед прокурор, АТГ-ын удирдлагуудаар, эрх мэдэлтнүүдээр дандаа улстөрчид, бизнесээс орж ирсэн хүмүүс байсан. Улс төр, бизнесээс орж ирсэн хүмүүс хууль хяналтын байгууллагыг толгойлохоороо юу болдогийг бид нар өнгөрсөн цаг хугацаанд харсан байх. Шоронд хүмүүс ч амиа хүртэл алдаж байсан.
-Тухайн үед таныг яг ямар үндэслэлээр тэр “аавын хаалга” татуулсан юм …?
-Яахав, үндэслэл нь тийм… Нэг шалтаг олно л доо. Цаад шалтгаан нь бол шал өөр. Ийм л хариулт өгье.
-Хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн …?
-Ээ, хэрэгсээд байх юм юу байхгүй.
-Хэлмэгдсэн гэж та хэлэх гээд байна уу?
-Хэлмэгдэх юу байхав дээ, тооцоо бодох, янз бүрийн зөндөө том дэлгэрэнгүй…
-Эсвэл та татварын өртэй байсан юм уу?
-Өө тэр татвар матварын асуудал, тэр өр мөр бол хүнийг шоронд хийгээд, мөрдөнд хийгээд… Харъяалалгүй хөдөө орон нутгийн мөрдөн рүү шөнийн цагаар шилжүүлж хийгээд… Анх удаа орж байгаа хүнийг давтан хэрэгтэй хүмүүсийн камерт хийгээд… Тийм хэмжээний хэрэгт би орж байгаагүй л дээ. Тэр бол шалтаг нь байсан. Албан ёсны хавтаст хэргийн шалтаг нь тэр байсан. Шалтгаан нь бол өөр юм байсан.
-Шалтгаан нь бол улс төрийн зорилготой…
-Шалтгаан нь бол өөр юм байсан юм. Улс төр, мөнгө, санхүүтэй холбоотой.
-Өөрөөр хэлбэл таниас тодорхой хэмжээгээр санхүүжилт авах гэж дарамталсан бол таарах гээд байна уу?
-Зүгээр, ганцхаан жижигхэн жишээ хэлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж болж байх үед, тэр үед УИХ-д, УИХ-д суудалтай намууд чинь Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах эрхтэй шүү дээ. 2013 оныг эргүүлээд санах юм бол ИЗНН гэдэг нам УИХ-д суудалтай байлаа. С.Оюун, С.Дэмбэрэл гэж хоёр гишүүнтэй. С.Оюун гуай Дэмбээ ахыг өөртэй нь адилхан статустай, дарга гэдэг эрх мэдэл дээр тавьж байсан. Энэ нам Ганхуяг нэмэгдээд ингээд гурван даргатай байсан.
Энэ намаас 2013 оны сонгуульд нэр дэвшигч гараагүй. Тэр үед над дээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Давхар С.Дэмбэрэл ах дээр надтай холбогдуулаад С.Дэмбэрэл ах дээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Сонгуулийн нэр дэвшигч МАН намаас Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, АН-аас Цахиагийн Элбэгдорж гэдэг хоёр хүн, МАХН-аас Н.Удвал гэж эмэгтэй. ИЗНН-аас яагаад ч юм нэр дэвшигч гарч ирээгүй. Мандат өгч дууссаны орой нь С.Дэмбэрэл ахад үүсгэсэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан.
-Өө за за, өөрөөр хэлбэл ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд…
-Сонгуульд оролцуулахгүй гэж, ийм нөхцөл байдал үүсч байсан гэж, энэ дээр би хараад, яриад явж байтал яг энэ нь цаг хугацааны хувьд ч гэсэн яг тэгж, мандатаа барьж очоод СЕХ дээр бүртгүүлэх цаг хугацаа нь яг дуусангуут хэрэг нь хэрэгсэхгүй болж байх жишээний …
-Та улс төрийн барьцаанд орчихсон юм байна шүү дээ, ер нь бол…?
-Ерөнхийдөө энэ бол олон болсон явдлын нэг нь шүү. Тэгэхээр Н.Алтанхуяг гуай ч хэвлэлээр хэлж байсан. Сонгууль болохоо байсан шдээ, өрөлттэй, тавилттай ийм жүжиг болдог болсон гэж. Би энийг 2016 оны сонгууль дээр жижигхэн ч гэсэн намыг төлөөлөөд явж байхдаа ойлгосон. 2013 оны сонгууль дээр ч тэгж ойлгосон. 2017 оны сонгууль дээр ч гэсэн өөр л хүн гарах ёстой байсан шдээ.
-Та ч ер нь хэд хоног хоригдсон юм бэ. Сонгуулийн кампанит ажил дуустал дор хаяж хоёр, гурван сар байж дээ?
-Өө, би ч бас хэдэн сар болоод гараад… Дахиж ороод, зөндөө л орсон. Ийш тийшээ шилжүүлээд янз янзын юм болсон. Тэр болгоныг яриад гоншигноод байх ч юу байхав дээ.
-Дахин хийсэн шалтгаан нь юу юм. Магадгүй дахиад таныг рекэтлэж байгаад мөнгө салгах гэсэн ч юм уу… Ийм юм болсон юм болов уу?
-Өө мэдэхгүй ээ, нэг 29 сая төгрөгийн тайлангийн будилаан гарсан гээд хоригдсон.Би 290 сая төгрөг барьцаанд тавьчихая, намайг хориод яах юм бэ гэсэн. Тэгэхэд “Үгүй ээ, хорихгүй бол болохгүй. Цаанаасаа даалгавартай юм аа” гээ л хорьж байсан. Би гээд “аа за за” гээ л хоригдсон л доо. Тэр ажлаа хийж байгаа, тэр муу доод шатны мөрдөн байцаагч, янз янзын залуучууд яахав дээ. Тэд чинь цэргийн байгууллага, мэдлээ, гүйцэтгэе гэхээс өөр арга байхгүй.
-Тэгээд энэ хоригдсон хугацааныхаа хохирлыг төрөөс эргүүлж нэхээгүй юу?
-Өө тийм юм нэхэж, барьж яваагүй. Яахав зүгээр нэг харамсдаг юм маань ийм тогтолцоотой, бид нар төв Азийн ардчилсан улс гээд өөрсдийгөө тунгаглачихсан. Улстөрчид нь бүгд л сайхан ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэж гоё ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр дандаа ийм бусармаг муу муухай зүйл болдогт л маш их харамсдаг. Энэ ирээдүй залуучууддаа, үр хүүхдүүддээ үлдээж байгаа ямар ч муухай бохир болгодог юм дээ гэж би энэ улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг, энэ бүлэглэлүүдийг би дотроо харамсаж хардаг. Тийм учраас иргэний байр суурийн үүднээс танд бас хэлж байгаа юм.
Энэ харамсалтай нөхцөл байдал өөрчлөгдөөсэй гэдэг үүднээс. Хууль хяналтын байгууллагыг улстөрийн зорилгоор ашигладагаа одоо болих хэрэгтэй. Шүүгч нарыг улс төрчид өөрсдөө, найз нөхдөө өөрийнх нь үгэнд үг дуугүй ордог хүмүүсээр томилдогоо болих хэрэгтэй. Өрсөлдөгчдөө намнаж байгаад сонгууль хийдгээ болих хэрэгтэй.
-Энэ ч одоо хэний үеэс эхэлсэн бэ гээд маргаад байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн үеэс үү, Н.Энхбаярын үеэс үү гээд хэн нэгнийгээ буруутгах гээд байдаг шүү дээ?
-Монголын улс төр 1996 он хүртэл харьцангуй цэвэрхэн байсан. Тэр үед ч би улстөрчдийг таньдаг байсан. 1996 он хүртэл улстөрчид мөнгө нэхдэг ч юм уу, өнөөдрийнх шиг байгаагүй. Үүнээс хойш улс төрчид гарын үсэг, төрийн эрх мэдлээр асар их мөнгө хийж болдог гэдгийг амьдрал дээр бүгд мэдрээд ихэнх нь мөнгөнд орсон. Бүлэглэлийн карманд орсон. Нийлж бүлэглэл болцгоосон. Ийм харамсалтай зүйл манай улсад болж байгаа. Энэ бол би л хэлж байгаа болохоос биш камерийн өмнө биш бол ихэнх нь хоорондоо ярьдаг зүйл.
Зүгээр яахав, 2017 оны сонгууль бас дараа дараагийн өрөлттэй юм явах байсан. Нэг талдаа олон нийтийн аз нь гэдэг юм уу, нөгөө талдаа үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг юм уу, энэ сценарь өөрөө нурсан. Гарах ёсгүй хүн нь гарсан.
-Юу гэсэн үг вэ, гарах ёсгүй хүн нь гарсан гэж?
-Үгүй, яахав дээ, энэ өрөлт тавилтаар бол МАН-ын нэр дэвшигч гарах ёстой байсан. Бид нар мэдэж байгаа, төр засгийн хууль хяналтын эрх мэдэл бүх юм нэг талдаа төвлөрчихсөн. 65 уулаа гарч ирээд ялсан. Энийг чинь улстөрчид бол бүгд хоорондоо ярьдаг юм билээ. Ялах ёстой хүн нь өрсөлдөгчөө өөрсдөө сонгож тавьдаг байсан гэж.
-Жүжиг сценарийн дагуу төгсөөгүй гэж хэлэх гээд байна уу?
-Сценарийн дагуу төгсөөгүй. Тийм учраас өнөөдрийн Ерөнхийлөгч ямар нэгэн засаг захиргааны нөөцгүй, хууль хяналтын, ар өврийн хаалгагүй, шударгаар өрсөлдөж гарсан гэж үздэг. Энэ бол төслөөс гадуур төслийг зөрчиж гарсан хүн.
Манайхаас их хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн
-Та хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодооны хэрэгсэл болгосон гэдгийг батлан хэлэхийг оролдоод байна уу гэж харагдаж байна. Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байхад Та хоёр сая долларыг Голомт банкны данснаасаа шилжүүлсэн байна лээ. Тэгэхээр энэ мөнгийг таныг шантаажилж байгаад авсан юм уу. Ямар зорилгоор, ямар үндэслэлээр та энэ мөнгийг шилжүүлсэн юм бэ?
-Тухайн үед манай данснаас нэлээд хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломж байхгүй. Гэхдээ өнөөдөр бол хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ ийм сайхан, зөв юм ярчихаад, амьдрал дээр бохир булай юм хийдгийн зах зухаас л бид хоёр дурдаж байна л даа. Өнөөдөр бол дашраараа ийм балай болчихоод байна.
-Таныг шантаажилж байгаад энэ мөнгийг авсан юм уу. Та үнэхээр барьцаанд орохоор тийм хүнд байдалд орчихсон юм уу?
-Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаасаа буух үедээ гаргаж байсан мэдээлэл л дээ, энэ баримтууд. Х.Тэмүүжингийн гаргасан баримт нь бол 4 сая.
-Танай компаниас гаргасан уу?
-Тийм, энд нэлээд их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудал манайхаас гарсан. Асуудлыг өнөөдөр ямар цаг үед яаж өнцгөөс, ямар хууль, эрх мэдэлтнүүдийн хүрээнд энэ яаж шалгагдах вэ гэдэг нь өөрөө цаг хугацааны асуудал. Энэ бол тодорхой хэмжээнд үнэн зөв нь гараад ирнэ. Үүнийг өнөөдөр ярих боломж, бололцоо нь хязгаарлагдмал байна, уучлаарай.
-Дөрвөн саяаас хоёрыг нь танайх шилжүүлсэн юм уу, эсвэл бүгдийг нь танайх шилжүүлсэн юм уу?
-Х.Тэмүүжингийн гаргасан баримт дээр нийт 4 сая доллар манайхаас гарсан байдаг юм.
-Үнэн юм уу, Х.Тэмүүжин сайд үнэн хэлсэн юм уу?
-Үнэн, үнэн. Манайхаас гарсан л мөнгө юм чинь. Яахав Х.Тэмүүжин тухайн үедээ Хууль зүйн сайдаа өгөхийнхөө өмнө энэ үйлдлийг гаргасан л даа. Яахав, мань эр тодорхой хэмжээнд тэр хугарлын цэгийг ашигласан юм болов уу. Өөрийнхөө албан тушаалыг өөрчлөгдөх гэж байгаа боломжоо гаргаад, гэв гэнэт тэгж зоригтой дуугарсан. Би яахав, бухимдаад тухайн үед Хууль зүйн сайд, бас нэг залуу хүн болохоор нь орж уулзаж, гайхаж, танилцаж….
Одоо энэ янз бүр, нийгэмд болж байгаа процессыг мэддэг юм уу гэдэг утгаар бухимдаж, өөрөөс нь тайлбар авах гэж оролдож байсан. Тэгээд л алга болсон. Тухайн үед ч гэсэн энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН, бүлгийн дарга С.Бямбацогт байсан.
С.Бямбацогт над дээр ирээд уулзаж байсан. Ийм юм болсон юм уу Ганболд оо, баримтуудаа надад өгөөч. Бид нар сөрөг хүчин, энэ дээр чинь жинхэнэ сенсаци хийе л гэсэн. Би “За та нар чадахгүй биз дээ, худлаа байх” л гэсэн. Үгүй ээ, ёстой жинхэнэ сенсаци хийнэ, ёстой мундаг, зундаг гээ л гүйгээ л явсан. Тэгээд очоод тэр удирдлагууддаа танилцуулсан уу яасан, тэгээ л хөөрхий нам жим болсон.
Тухайн үед сөрөг хүчний намын генсек хүрч ирээд бас л “Өө ёстой алдаг барьдаг, энэнтэй тэмцдэг, барьдаг” гээ л… Тэгээд үүнээс юу харагдаж байна вэ гэхээр нөгөө нам дамжсан нэг нэгнийхээ ашиг сонирхлыг хамгаалдаг МАНАН гэдэг тогтолцоо, хууль хяналтын байгууллагаар бамбай хийдэг, зэвсэгээ хийдэг тогтолцоо нийгэмд байгаа юу гэвэл байгаа. Энийг одоо
Намайг худлаа ярьсан гээд хүмүүс шүүх мүүхэд янз бүрийн байдлаар хандах л байх. Аягүй бол та бид хоёрыг ийм юм ярьсан гээд ч хандаж магадгүй. Тэгээд тэр шүүх, хяналтын байгууллага нь аягүй бол та бид хоёр дээр эрүү үүсгэж ч магадгүй юм л даа. Ийм юм ярилаа, хүний нэр хүнд, гүтгэлээ барилаа гээд.
Нэг хүний засаглал гэх үү, тэрийгээ хаан гэх үү, Ерөнхийлөгч гэх үү? Ийм гажиг юм руу л бид аажим аажмаар яваад байх шиг байна
-АН-аас Ерөнхий прокурор томилсон цаг үед сөрөг хүчин нь юу ч хийж чадахгүй таг болно гэдэг чинь цаанаа нэг ашиг сонирлын нэгдэл байгаад байна, тийм үү?
-Байдаг л юм байна. Нэг мэдсэн чинь л бид нар ийм нийгэмд гулсаад орчихож. Нэг мэдсэн чинь улстөрчид нь бизнесмэнүүдээсээ баян болчихож. Бизнесмэнүүдээсээ баян байшинд амьдардаг, бизнесмэнүүдээсээ баян машин унадаг, бизнес классаар нисдэг болчихож. Энд бас бид нар өөрсдөө буруутай л байх л даа, бизнесийнхэн. Ажлаа хурдан бүтээх гээд шаардсан юмыг нь өгөөд, ингэсээр байгаад өөгшүүлээд, эд нарыг бас тодорхой хэмжээний үнэ ханш…
-Нэг ёсондоо та маш их хэмжээний авлигал өгч байсан болж таарлаа л даа…?
-Үгүй, одоо мэдэхгүй. Тэгсээр байгаад энэ бизнесийн салбарынхан л энэ улстөрдөд, бизнесээс илүү мөнгө олдог салбар шүү гээд ойлгуулчихсан юм шиг байна. Өнөөдөр нууц биш шдээ. Та өөрөө яваад хар л даа. Зайсанд хэдэн хувь нь улс төрчид амьдарч байна. Хамгийн үнэтэй орон сууцнуудад….
Эхнээсээ ярьж байгаа биз дээ. Миний байшин хоёр тэрбум, гурван тэрбум биш энэ тэр гээд. Юу яриад байгаа юм бэ. Энэ чинь одоо галзуурал шдээ. Амдралдаа нэг бизнес хийж үзээгүй, төрийн албан хаагч, улс төрийн цалин авч байгаа хүн хэзээ ч энэ насандаа дунд оврын жиип ч авах боломжгүй шдээ.
-Таны сая хэлж байгаагаар бол бизнесийнхнийг шантаажилж байгаад хэдэн сая долларыг бэлэн авчихдаг болж таараад байна шүү дээ?
-Өнөөдрийн улс төрийн эрх мэдэл бол бүх юмны эрх мэдэл. Энэ нийгмийн, энэ эдийн засгийн бүх юмыг атгаж болдог гээд энэ улас төр чинь улам их эрх мэдлээ, хяналтаа баталгаажуулахын тулд засаглалын хэлбэрээрээ ярьж эхэлж байна. Нэг хүний засаглал гэх үү, тэрийгээ хаан гэх үү, Ерөнхийлөгч гэх үү, Ерөнхий сайд гэх үү. Ийм гажиг юм руу л бид аажим аажмаар яваад байх шиг байна.
1 comment
За хөөрхий МАНАН гэж байдаг юм бол Дорлигжавыг шалгахгүй тэгс гээд өнгөрнө , харин байдаггүй юм бол шууд шалгах ёстой доо . Харж байя даа . Дүүгийн нь дансаар тийм хэмжээний мөнгө орсон уу, орсон бол хаашаа хаашаа гарсан гээд л амархан шалгана даа