АНУ-ын өмнөх тэргүүн хатагтай Мишель Обама 12 хотыг тойрсон шинэ номынхоо танилцуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна. Түүний номын танилцуулга уулзалт бүрийн тасалбар богино хугацаанд зарагдаж дуусч байгаа бөгөөд спортын томоохон стадионуудыг үзэгч, уншигчдаар дүүрэн байлгаж чадаж байна. Хатагтай Обамагийн “Becoming” нэртэй номын танилцуулга уулзалт нь зүгээр нэг ном танилцуулах, асуулт хариултын хэсэг байдлаар бус, нэг төрлийн шоу хэлбэрээр явагдаж байгаа юм. Бодоод үз дээ, танхимд ороход таныг Стив Уондер, Жексон 5 хамтлагийн домогт дуунууд эгшиглэн угтаж, номын танилцуулга уулзалтын хөтлөгч, модератороор Опра Уинфри, жүжигчин Сара Жессика Паркер, Рийс Уидерспүүн зэрэг Холливудын А зэрэглэлийнхэн ажиллаж байна. Номын танилцуулга уулзалтын тасалбар нь 30 ам.доллараас 1,000 ам.доллар хүртэл үнээр борлуулагдаж байгаа юм.
АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргийтэй танилцах, түүний сэтгэлийн үгсийг сонсох, харилцан ярилцах, шинэ номон дээр гарын үсгийг нь зуруулан авах зэрэг боломжууд багтжээ. Мишель Обама номын танилцуулга цуврал шоунаас олсон мөнгөний нилээдгүй хэсгийг нь сайн үйлсийн төлөө, тэр дундаа очсон хот бүрийнхээ тусламжийн байгууллага, сургуулиудад хандивлаж байна.
Хатагтай Обамагийн хөгжилтэй дүр төрх, мэдлэг мэдээлэлтэй байдал, оролцсон хүн бүрт нэгийг бодогдуулж байгаа чадвар зэрэг нь түүнийг “Маркетингийн машин” болсныг харууллаа хэмээн Forbes онцолжээ. Дашрамд хэлэхэд Мишелийн “Becoming” ном нь тун саяхан худалдаанд гарсан ч, аль хэдийн 2018 оны Бестселлер болж чадсан байна.
Эх сурвалж: zuv.mn