Алтай Соёны бүс нутаг дахь экоклубийн хүүхдүүд зэрлэг амьтад ундаалдаг булан шандыг хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Булгийн эхийг хаших, хог хаягдлыг нь цэвэрлэх зэргээр идэвхтэй ажиллаж байгаа тэдний санаачилсан энэ ажлын ачаар хоёр булгийн эх хамгаалагдаж, урсац нь нэмэгдсэн байна. Зэрлэг амьтад ч булгаас олноороо ундаалж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой болжээ. Тэгвэл экоклубийн хүүхдүүд санаачилгаа өргөжүүлж бусад булаг шандыг хамгаалах төсөл санаачилжээ. Тэд төслөө 2018 оны арваннэгдүгээр сард болсон “Малчдаа сонсъё” уулзалт хэлэлцүүлгийн үеэр танилцуулж дэмжлэг авчээ. Малчдын олонхи нь хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж төслийг нь санхүүжүүлэхээр болсон байна.
“Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд байгаль хамгаалалд санаачилгатай оролцож байгаад баяртай байна. Тиймээс тэдний үйл ажиллагааг дэмжих ёстой. Бид өөрсдөөсөө хөрөнгө гаргаж булаг шанд хамгаалах ажилд оролцох болно” хэмээн малчид ярьж байв. Мөн гурван жил дараалан экоклубийн үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй малчид ч цөөнгүй байлаа. Ийнхүү 2019 оны зургадугаар сарын 15-н гэхэд хүүхдүүдийн санаачилга, малчдын дэмжлэгтэйгээр 7 булгийг хамгаалахаар боллоо. Энэ нь Монголд хүүхдүүд малчидтай хамтран булаг шанд хамгаалахаар болсон анхны тохиолдол юм байна.