Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус хэлтэст хамгийн сүүлийн үеийн “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж”-ийг 2017 онд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байсан аж.
Өнгөрсөн хугацаанд ЦЕГ-ын алба хаагч нар Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг (Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг)-т тусгагдсан гэмт хэргүүдийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын нутагт ажилласан байна.
Орон нутагт хяналт, шалгалтаар ажиллах үедээ “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (PHANTOM4 PRO)”-ийг ашиглан урьдчилан зураг авалт, бичлэг хийх, гэмт үйлдлийг баримтжуулах болон хэргийн газрын үзлэг явуулж ул мөрийг бэхжүүлэх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд ашиглажээ. Үүний үр дүнд:
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл (Хууль бусаар ашигт малтмал олборлох)-д заасан гэмт хэрэг 33,
-24.3 дугаар зүйл (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д заасан гэмт хэрэг 2,
-24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-д заасан гэмт хэрэг 6,
-24.6 дугаар зүйл (Хууль бусаар мод бэлтгэх)-д заасан гэмт хэрэг 2, нийт 43 гэмт хэрэг, үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цаашид ч орон нутагт хяналт шалгалтаар ажиллах, хэргийн газрын үзлэг хийж ул мөрийг бэхжүүлэн авах ажиллагаанд “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж”-ийг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.