УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа уг асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлсэн гэдгийг дурьдав.
Байнгын хорооны хуралдааны өмнө Ц.Цогзолмаа сайд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ “Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнд ажлын тайлангаа хүргүүлнэ. Ялангуяа манай нийгмийн салбарт ажлын үр дүн нь шууд гардаггүй. Яагаад гэвэл сурлага сайжрах, сургалтын чанар сайжрах гэдэг асуудал нэг талаасаа суралцагч хүүхэд, нөгөө талаасаа ажиллаж байгаа багш нар, мөн гуравдагч этгээд буюу эцэг эхчүүдийн оролцооноос хамаардаг. Нэг жилийн хугацаанд ажиллахад удирдлагын тогтворгүй байдал салбарын ажил явагдахад үнэхээр муу нөлөө болдог гэдгийг харсан. Байнгын тогворгүй үйл ажиллагааны эх суурь нь удирдлага солигдоход тэнд ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгах үндэслэл бага харагдсан.
Төрийн тасралтгүй үйл ажиллагаа гэдэг үүднээс би байнгын хорооны гишүүдээсээ намайг авч үлдэнэ гэж битгий кноп дараарай, намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Дараагийн хүн нь ирээд ажлаа цэгцлээд явах нь зүйтэй. Өөрийн эхлүүлсэн суурь ажил бол боловсролын системийг бүхэлд нь оношлогоо хийх ажлыг би эхлүүлсэндээ таатай байгаа. Үүнд сурах бичиг, багш, сургалтын асуудал зэрэг системээ бүхэлд нь харж оношлохгүй бол аль нэг асуудлыг нь шийдснээр систем бүхэлдээ зөв голдрол руугаа орох боломжгүй. Мэдээж хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг бодно. УИХ-ын гишүүнээрээ үлдэж байгаа учраас энэ салбарын үйл ажиллагаад өдөр тутам хөндлөнгөөс оролцох боломж нь гишүүнийхээ хувиар эрх нь хадгалагдаж байгаа” гэв.
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улмаар гишүүд саналаа хэлсний дараа Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлаар санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.