Японд фугу нэртэй загасны мах тансаг хүнсэнд тооцогддог. Маш үнэтэй, жилийн хамгийн эрэлттэй үедээ килограмм нь $265 орчим үнэ хүрдэг байна.
Гэхдээ энэ загасны биеийн тодорхой хэсэгт үхлийн аюултай хор байдаг тул тусгай мэргэжлийн тогооч л түүгээр хоол бэлдэх чадвартай байдаг юм. Хэдийгээр аюулыг нь мэддэг ч жил бүр тодорхой тооны хүмүүс фугу загасны маханд хордож амиа алддаг байна.
Японы арлуудын эрэг орчмын тэнгисийн ус цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр халж эхэлсэн нь фугу загасны төрөл зүйлүүдийг хоорондоо эвцэлдэж, эрлийзжихэд хүргэсэн байна. Ингэснээр шинэ аюул бий болсон нь эрлийз фугу загасны хортой хэсгийг олоход хэцүү болсон явдал юм.
Ердийн фугу загасны хор элэг болон үржлийн эрхтэнд нь байдаг тул хялбар салгаж болдог. Гэтэл эрлийз фугу загасны хор биеийн өөр хэсгүүдэд шилжсэн нь аюул учруулах болж. Мэргэжлийн тогооч хортой хэсгийг ялгаж чадахгүй л бол хүний амь насанд хүрэх аюултай юм. Тиймээс Японы засгийн газар эрлийз фугу загасыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. Гэтэл дахиад нэг асуудал үүссэн нь эрлийзийг жинхэнэ фугу загаснаас ялгаж таних боломж маш бага байна.
Туршлагатай мэргэжилтнүүд ч эрлийз фугуг гаднаас нь хараад танихгүй байгаа юм. Бүр хоёр дахь үеийн эрлийз фугу нь хүртэл цэвэр цусны төрлөөсөө ялгахын аргагүй адилхан байгаа ажээ. Бас нэг аюул нь эрлийз фугу маш түргэн олширч байна. Өнгөрсөн зургаадугаар сард Мияги мужийн Номхон далайн эргээс нэг өдрийн дотор барьсан фугу загасны 20 хувь нь эрлийз байжээ. Одоо Японы засгийн газар асуудлыг анхааралтай судалж, эрүүл мэндийн яам нь есдүгээр сараас хойш фугу загасны талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ. Мөн фугу загасаар бизнес эрхлэгчид энэхүү аюултай амьтны махаар хоол бэлддэг тогооч нарын тусгай зөвшөөрөл, лицензийг шинэ нөхцөл байдалд тааруулан шинэчлэхийг засгийн газраасаа шаардаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Quartz