Нийслэлийн Прокурорын Газраас олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн байна.

Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан,  Мөн Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан хэргээр М.Сономпил шалгагдаж байсан юм.

Улсын яллагч түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял төлөвлөн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 263 зүйл:

 АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг

АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ

22.4 дүгээр зүйл. Хахууль авах

 

4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн