Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өнөөдрөөр дуусгавар болж байна. Тэгвэл энэ аяны хүрээнд Жендэрийн үндэсний хороо хэрхэн ажилласан талаар тус хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Жендэрийн үндэсний хорооны талаар ярилцлагаа эхлүүлье.Хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв.
-Жендэрийн үндэсний хороо ньжендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, олон нийтийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн хорооюм. Монгол Улсын Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог тэргүүлж ажилладаг байгаа. Жендэрийн тэгш байдлыг хангах талаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Тухайлбал: – Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөр, тусгай арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих; Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаархи Төрийн албаны зөвлөлийн тайлан, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын ээлжит тайлангийн төсөлтэй танилцах, санал өгөх; Жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах, жендэрийн мэдээллийг хэрэглэгчид хүргэх ажлыг зохион байгуулах; жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд таниулах, сурталчлах зэрэг ажлуудыг гардан зохион байгуулж байна.
-Эдгээр өдрүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байгаа юм байна.Энэ аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
-Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 2011 онд хууль батлагдсанаас хойш тодорхой олон улсын тэмдэглэлт өдрүүд дээр ач холбогдол өгч ажиллаж байна. Үүний нэг нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх өдөр юм. 2017 оноос эхлээд бид энэ аяныг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд үндэсний хэмжээнд тэмдэглэж эхэлсэн.
Энэ аяны хүрээнд Хорооноос хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүллээ. Анх 1991 онд дэлхийн 180 гаруй улс нэгдэж 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ны өдөр хүртэл нийтдээ 16 хоногийн хугацаанд охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэлтэй тэмцэх байдлаар аяныг өрнүүлж эхэлсэн. Энэ аяны хүрээнд хийгддэг томоохон ажлын нэг бол “Цагаан тууз” зүүх аян юм.
Анх жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үгүй хийх зорилгоор 1991 онд Канадын хэдэн эрчүүд Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстой хэмээн уриалж, Цагаан тууз зүүсэн байдаг. Монгол Улс 1998 оноос уг аянд нэгдэж Хүчирхийллийн эсрэг үндэний төв санаачлан төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсэн. Энэ онд энэхүү аянд “эерэг болгоё, харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. Аяныг манай байгууллага эсвэл төрийн бус байгууллага хийснээрээүр дүнд хүрэхгүй, хуулираа үүрэг хүлээсэн төрийн холбогдох байгууллагууд болоод төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулбал илүү үр дүнтэй.
Тухайлбал, энэ жилиийн аянд ҮСХ, ГХУСАЗЗАА, ЦЕГ, ХЭҮТ, НҮБ-ХАС хамтраад иргэд олон нийт рүү чиглэсэн, хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, хэрхэн таслан зогсоох, хэрхэн бууруулах тал дээр хамтран ажиллалаа. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь ганцхан 16 хоногийн аянаар хязгаарлагдахгүй өдөр бүр л хийгдэх ёстой ажлын нэг. Тиймээс бүх шатны төрийн болон хувийн байгууллагуудтай хамтарч иргэдийн энэ төрлийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлсэн. Мөн аяны хүрээнд яамд, агентлаг , аймаг, нийслэл бүх дүүргүүд үндэсний хэмжээнд нэг өдөр, нэг цагт цагаан тууз зүүж аянд нэгдсэн байгаа.
-Энэ жилийн аяны тухайд. Гарсан үр дүнг та хэрхэн харж байна.
-2018 оны аяны гол онцлог бол эерэг болгоё, харилцаа, хандлага, үйлдэл гэсэн уриатай тэмдэглэлээ. Олон улсад хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе гэсэн ерөнхий уриатай тэмдэглэдэг. Бидний хувьд нилээд тулгамдаж буй асуудлын нэг бол хандлага, ойлголтоо дээшлүүлэх явдал юм. Өнөөдөр цахим орчинд болж буй сайн муу сайхан муухай бүхий л мэдээ мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр 8-80 насны хүн болгон шууд үзэх боломжтой байна.
Тэгэхээр бид энэхүү цахим орчинг ашиглаж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох тал дээр анхаарах ухуулга, нөлөөллийн ажлыг хийж, бичлэг, постеруудыг тарааж ажиллалаа. Цахим орчинд байгаа бүх мэдээллүүдийг зөв эерэг байлгах, зөв гэж бодсон мэдээ мэдээллүүдийг түгээх, олон нийтийг энэ мэдээлэл рүү чиглүүлэх нийгэмд эерэг хандлага төрүүлэх үйлс бүтээлүүдийг олон нийтэд түгээж туршлага хуваалцах нь хамгийн чухал байна.
Бид жендэрийн асуудлыг хүйс төдийхнөөр харж болохгүй, хөгжлийн асуудлаар харж бодлогодоо нэвтрүүлэх нь чухал юм. Жендерт суурилсан хүчирхийлэл нь жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл эс үйлдэхүйг хэлж байгаа. Бид энэхүү хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх энэ асуудалд бие биенээ түлхэхгүй, оруулахгүй байх талааройлголт хандлагаа нэг түвшинд хүргэх асуудал нь хамгийн чухал.
Ажлын байранд бэлгийн дарамт гаргаж буй даргыг харсаар байж хав дараад өнгөрөх биш илчлэх, хажуугийн айлын хөрш эмэгтэй чинь аврал эрсээр байхад тогоон доторх асуудал бидэнд хамаагүй гэсэн үзлээр хандахгүй байх, хэн нэгэн эмэгтэйг арьс өнгө нас хүйсээр нь гадуурхахад ингэж л байдаг юм гэсэн хандлагаар хандахгүй байх нь л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл бүхий л түвшиндээ харилцаа хандлагаа зөв болгох, түүнийг өөрчлөхөд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг харуулах нь бидний энэ жилийн зорилт байлаа.
Энэ зорилт тодорхой хэмжээгээр биелсэн гэдэгт итгэж байгаа. Жендерийн үндэсний хорооны хамгийн гол зорьж байгаа зорилтуудын нэг бол гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлж, нийгэмд эерэг үр дүнг бий болгох. Өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авдаг билээ, яг түүн шиг жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх, энэ төрлийн гэм хэргийг үйлдэхээс өмнө хүрч ажиллах нь бидний зорилт юм. соён Цаашид энэ чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон ажлыг хийх болно.
-Иргэд жендэр гэхээр л эмэгтэйчүүдийн талаар ярьж байна гэж ойлгодог. Жендэр бол ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш гэж та хэлсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд хамгийн тулгамдаж буй асуудал нь юу вэ?
-Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоо адил тэнцүү байх, эмэгтэй хүнийг дарга болгох асуудлаар, нэг хэсэг нь охид, эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог. Тэгвэл жендер гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах тэгш боломж, нийгмийн баялгаас тэгш хүртэх, тэгш хариуцлага хүлээх талаарх өргөн ойлголт билээ. Өнөөдөр манай улсад жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 орчим хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Статистик үзүүлэлт ийм байгаа учраас бидний хийж буй үйл ажиллагаа чиглэгдэж байгааг зөвхөн нэг хүйсийн асуудлыг ярьдаг, хийдэг гэж ойлгож болохгүй.
Мэдээж хөвгүүд, эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгааг бид орхигдуулж болохгүй, өнөөдөр эрэгтэй хүмүүсийн жендэрийн асуудалд хамгийн их эмзэглэмээр бодлогын түвшинд анхаармаар асуудлын нэг нь тэдний эрүүл мэндийн байдал. Статистак үзүүлэлтээс харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 орчим жил. Өнөөдөр эрчүүд маань өөрсдийн эрүүл мэндээ анхаарахгүй, хэзээ ч өвдөхгүй мэтээр төсөөлж, ажил ар гэр амьдралын тэнцвэр алдагдсан. Энэ бүхэн бидний амьдралд хэвшмэл болгосон ойголт хандлагаас улбаатай. Эрэгтэйчүүд ар гэр, амьдралаа авч явах ёстой, өвдөх уйлах эрхгүй, хатуу чанга БАЙХ ЁСТОЙ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, гэр бүлийн хөдөлмөрийн хуваарилалт нь нийгмийн хөгжлөө дагаад хувьсан өөрчлөгдөж байна, үүнийг дагаад аливаа асуудлыг байгаа цаг хугацаанд нь харилцан хүлээн зөвшөөрөх, өөрсдийнхөө ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамгийн боломжтой байдлаар аль ч талдаа ээлтэйгээр шийдвэрлэх гарц замыг эрэлхийлэх нь жендэр юм. Ийнхүү асуудлыг харахдаа уламжлал соёлоо дээдэлж, аливаад Монгол гэсэн өөрийн орны онцлогийг хадгалах нь чухал. Харин уламжлалаар бамбай хийж бусдын эрхэнд халдаж, хохирол учруулж болохгүй юм.
Ер нь ямар хүмүүс энэ хүчирхийллийг үйлддэг вэ? Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэж их ярьдаг. тэгвэл энэ үгийг эсрэг байлгахын тулд бид юу хийх ёстой вэ?
Хүчирхийлэгч хэн ч байж болно. Өнөөдөр бид харин түүнийг ялгаж салгаж, эртхэн л энэ хүчирхийлэл гэх зүйлээс ангижрах хэрэгтэй. Жендерт суурилсан хүчирхийллийг та өнөөдөр өөхшүүлэгч нэгэн байж болохгүй. Харин таслан зогсоогч байж, нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Бид өнөөдөр ирээдүй болсон гэгээлэг үрсээ хамгаалах хэрэгтэй. Тэдэнд хүчирхийлэлтэй нийгмийг харуулахгүй байх л бидний зорилго. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг.
Хүүхэд хичнээн гэнэн цайлган билээ. Тэр сайхан сэтгэлийг унтраахгүй л байвал тэр хүүхэд хэзээ ч хүчирхийлэгч болохгүй. Харин залуучууд юуг ч хийхгүй, хэнд ч хэлэхгүй байснаараа та магадгүй маргааш танд ч тохиолдож болох бусармаг зүйлсийг өөгшүүлж байгаагаа мэдэх хэрэгтэй. Харин таны хийж чадах өчүүхэн зүйл хэн нэгний нэр хүндийг, нэг нэгний ирээдүйг, хэн нэгний амь насыг ч аврах боломжтойг байнга санаж хүчирхийлэл хаана байна түүний эсрэг байгаарай гэж уриалмаар байна.