С.Шаарийбуу: Охины минь амийг бүрэлгэсэн хүмүүсийн хэргийг эзэн хааны архивт хийснийг сэргээн шалгаж байгаа

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарснаас хойш 13 жил болж байна. Энэ хэрэгт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн талын хүмүүс холбоотой гэж үздэг. Өнгөрсөн зургадугаар сард тус улсад болсон сонгуулийн дараа хууль сахиулах байгууллагаас нь сэргээн шалгахаар шийдвэрлэсэн уг хэргийн шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 20-нд болох аж. Үүнтэй холбоотойгоор Малайзаас өнгөрсөн баасан гарагт С.Шаарийбуугийн өмгөөлөгч агсан Карпал Сингхийн хүү Рам Карпал тэргүүтэй хүмүүс иржээ. Тэд манай улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд болон хэрэгт ач холбогдолтой гэрчүүдтэй уулзаад буцсан байна. Энэ талаар талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.

-Малайзын цагдаагийнхан охины тань амиа алдсан хэргийг сэргээн шалгахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирж байсан. Одоо чухам юу болж байгаа бол?

-Энд эрүүгийн болон иргэний гэж хоёр тусдаа хэрэг байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй болов уу. Эрүүгийн хэрэг нь охины минь амийг хэрцгийгээр бүрэлгэсэн этгээдүүдэд холбогдох үйлдэл. Иргэний хэрэг нь бидэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа юм л даа. Аль аль нь урагшаа ахидаггүй, 13 жил боллоо. 13 жил гэдэг нь хүний амьдралын нэг мөчлөг. Тухайн орноос надад энэ олон жилийн хугацаанд өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх хүн олох маш чухал байсан. Манай улс Малайзтай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй учраас энэ хэрэгт Монголоос хүн оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхгүй. Тиймээс тус улсаас алдартай хуульч Карпал Сингх гэж энэтхэг хүн шударга үнэний талд зогсож надад эрх зүйн туслалцаа үзүүлэх болсон. Тэр хүн оюутан байхдаа бослого удирдаж цөлөгдөн, 10 гаруй жил цөллөгт байж байгаад тэндээс ирмэгцээ хуулийн сургуулиа дүүргэсэн юм билээ. Тэгээд Малайзын парламентад суусан, хамгийн хүндтэй гишүүн нь байсан. Хүндэт парламентч гэж нэрлэгддэг цорын ганц хүн нь. Түүнийг танхимд орж ирэхэд бүх гишүүд нь босож хүндэтгэдэг. Хаан, Ерөнхий сайд нь орж ирэхдээ бас хүндэтгэл үзүүлдэг байв. Үүнээс үзэхэд Карпал Сингх гуай ямар их алдартай нь мэдрэгддэг юм. Би парламентынх нь хурал дээр орж харж байсан л даа. Нөгөөтээгүүр, Малайзад Англи-Саксоны эрх зүйн систем үйлчилдэг. Карпал Сингх гуай тэр хуульдаа шударга үнэний концепцыг боловсруулсан юм билээ.

-Хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэж сонссон. Үнэн үү?

-Тэр алдартай хүн дөрвөн жилийн өмнө таалал төгссөн. Үнэндээ бол машинаар дайрч амийг нь хороосон л доо. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, Рам Карпал гэж хүү нь надад эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тэр хүн, төрсөн дүү эмэгтэйнхээ хамт ирлээ. Рам Карпал бас парламентын гишүүн хүн юм билээ. Нэг хэргийг шударга үнэнээр шийдвэрлүүлэхийн төлөө гэр бүлээрээ ажиллаж байна гэсэн үг л дээ. Энэ хорвоод шударга зүйлийн төлөө явдаг хүмүүс байдаг л юм байна.

-Охины тань амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Малайзаас хуульчид иржээ. Тэд ямар ажил амжуулав?

-Тэд баасан гаргийн өглөө Улаанбаатарт ирсэн. Тэдний ирсэн гол зорилго бол хэд хэдэн хүнтэй уулзах явдал. Уулзахыг хүссэн хүмүүсийг нь олох ажил надад тулгарсан. Уг нь би өөрөө бүх гэрчийг Малайзад аваачин шүүхэд мэдүүлэг өгүүлэх ёстой юм л даа. Ирэх сард болох шүүх хуралд тэднийг бэлтгэхэд би бололцоогоороо туслах ёстой. Гэтэл надад тийм хөрөнгө алга. Байдгаа барсан. Монголоос 5-6 гэрч, гадаадад амьдарч байгаа бас цөөнгүй гэрчийг дагуулан очих ёстой юм. Тэгээд бид өмгөөлөгч нартайгаа ярилцаж байгаад энд урьж хүмүүстэй уулзуулсан. ГХЯ-нд очиж, Д.Цогтбаатар сайдтай уулзлаа. Тус яамны Консулын газар руу сайд утасдаад Рам Карпал тэргүүтэй хуульчидтай уулзуулсан. Асуудал хаана түгжигддэг вэ гэхээр тэртээ доор, анхан шатны албан хаагчдын ширээнд дарагддаг юм байна. Сайд, дарга нартаа танилцуулдаггүй, оруулдаггүй, өөрсдөө ч ордоггүй бололтой. Орсон хойно бол асуудлыг дор нь л шийддэг юм байна шүү дээ. Би Д.Цогтбаатар сайдтай уулзах хүсэлт өнгөрсөн Цагаан сарын үеэр гаргасан. Уулзаж чадалгүй есөн сар болсон юм. Тэгээд өрөөнд нь ороод уулзахад асуудлыг шийддэг л юм байна. Олон удаа очсон, доогуурх албан тушаалтнууд нь уулзуулахгүй арга саам л хэрэглэж байх юм. Гадаад харилцааны сайдтай уулзаж чадалгүй есөн сар болсон байхад Малайзад сонгууль болоод шинэ Ерөнхий сайд нь ажлаа авч, хаачихсан байсан хэргийг сэргээн шалгуулахаар болж, өмгөөлөгч нар нь Монголд ирээд буцаж байна. Үүнээс бид ямар хурдтай байна вэ гэдгээ хармаар санагдсан.

-Ерөнхийлөгч тэднийг хүлээн авч уулзсан гэв үү?

-Хүн болсноор анх удаа Ерөнхийлөгчтэйгөө уулзлаа. Бас Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан руу утасдаж, Малайзын хуульчдыг Ерөнхийлөгчтэй уулзуулах боломж байгаа, эсэхийг лавлатал дор нь шийдэж, баасан гаргийн 16.00 цагт уулзах цаг авч орсон. Өмнө нь Ерөнхийлөгч тус улсын Ерөнхий сайдад хандан захидал бичиж, энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн учраас ач холбогдол өгч уулзсан болов уу. Аливаа зүйл хүрэх газраа хүрч чадвал болдог юм байна. Чадахгүй бол хад мөргөдөг юм билээ гэдгийг онцолъё. Уулзалт богинохон болсон хэдий ч санаа оноогоо солилцож чадсан байх гэж итгэж суугаа.

Тэд ингэж уулзаад буцахдаа хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 20-доор хэлэлцэн шийдвэрлэхэд Монголын талаас ийм бичиг, нотлох баримт шаардлагатай байгаа, туслалцаа хэрэгтэй тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ ГХЯ-нд илэрхийлсэн. Малайзын өргөмжит консул Роналдс гэдэг залуу бас энэ хэргийн үнэн, мөнийг тогтоохын төлөө ажиллаж байгаа юм билээ. Өмнө нь Ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцсон байсан. Биднийг төдийлөн юм хийж чадахгүй байхад Малайзын засаг, төр нь өөрчлөгдмөгц анхаарал тавьж, хоёр улсын хоорондын ард түмний харилцааны тухай асуудлыг бодож ажиллаж байгаад би талархаж байна. Бид ч үүнээс санаа авч, хурдтай ажилладаг болмоор санагдлаа. Би асуудалд уян хатан ханддаг. Заримдаа би буулт хийнэ, бас хатуу байх үедээ хатуу байдаг.

Энэ ташрамд, асуудалд шуурхай хандаж, шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт талархсанаа илэрхийлье. Олон жил янз бүрийн саад бэрхшээлтэй тулж байсан бол энэ удаагийн уулзалт нааштай, шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Төрийн алба хашиж буй хүмүүст хандаж та нар дарга царайлахаа, цагийг барж суухаа боль л доо.

-Яагаад энэ олон жилийн хугацаанд тус улсын шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй юм бол?

-Үнэндээ маш их улстөржсөн том асуудал учраас л шийдэхгүй байгаа юм. Энэ хэрэгт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг холбоотой гэж үздэг. Тэр хүн төрийн эрхэнд байсан учраас ямар ч арга байхгүй, хэргийг цагдаагийн хоёр ажилтанд тохож цаазын ял оноосон болоод эцэслэн шийдсэн ч юмгүй, Абдул Разак Багиндагаа цагаатгаж, Англи руу гаргасан. Цагдаагийн хоёр офицерын нэг болох гол хэрэгтэн нь Австралиас цагаачлал хүсэж, тэнд саатуулагдаж байгаа. Улмаар энэ хэрэгт холбоотой гол гэрчүүдийн амийг бүрэлгэсэн байдаг.

Карпал Сингх гуай “Аливаа асуудлыг, ялангуяа хуулийнхыг олон гар дамжуулна гэдэг бол хамгийн хариуцлагагүй үйлдэл. Цоорхой сав л болно гэсэн үг. Дундаас нь ямар нэг баримт нь алга болно гэх мэтээр нэлээд асуудал гарна. Энэ бол улс төрийн томоохон хэрэг учраас цаанаа асар их агуулга оршиж байгаа. Уг нь надад зав тун хомс л доо. Аливаа хэрэг маргаан болгоныг би шүүрч аваад хөөцөлдөх зав үнэхээр байдаггүй. Гэхдээ энэ хэргийг аваад шударгаар шийдвэрлүүлчих хүн байхгүй. Би энэ хэргийг ямар ч гэсэн дуустал нь ажиллана. Тэгэхгүй бол түрүүний хэлсэнчлэн цоорхой сав шиг юм нь алга болно. Сүүлдээ улаан өнгөтэй зүйл цэнхэр ч болохыг үгүйсгэхгүй. Хар ч болж болзошгүй” гэж байсан юм. Манайд ч аливаа хэрэг маргаанд түүний хэлж байсан зүйл гардаг. Хавтас нь үлдээд хэрэг нь алга болчихож магадгүй шүү дээ.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор хоёр орны харилцаанд бас сэв суусан байх?

-Малайзын талаас энэ хооронд хуулийн хүн ирж байгаагүй. Албаны хүн ч ирээгүй. Магадгүй Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д тус улсаас зочид төлөөлөгч ирээ л байлгүй. Тэр хүн лав улаан хивсэн дээгүүр алхаж харагдаагүй. Бодвол араар нь орж, гараа биз дээ. Би хохироод дуусах бол миний л асуудал. Үнэндээ Монгол, Малайз Улсын ард түмний харилцаанд маш их асуудал тулгарч, эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харчихаад байгаа юм л даа. Нэг бол Малайзаас дипломат харилцаагаа салгая, үгүй бол энэ хэргийг шударгаар шийдвэрлэе гэсэн уулзварт байгаа. Яагаад ингэж хэлэх болов гэхээр сүүлийн үед Малайзаас Монголыг хамааран суух Элчин сайд гэж хүн байдаг шүү дээ, тэр нь итгэмжлэх жуух бичиг барих ёстой баймаар. Гэтэл түүнийгээ барилгүй нэлээд удаж байгаа. Бээжингээс хамаардаг юм билээ. Манай улсад нууцаар л ирээд явдаг байж магадгүй. Хэрэв тэгдэг бол ийм харилцаа гэж байгаад яах юм бэ. Манай албаны хүмүүс энэ 12 жил гаруйн хугацаанд тус улсын ГЯЯ-ныхантай албан ёсоор нэг ч удаа уулзаж чадаагүй. Хууль зүйн яамныхантай нь ч мөн адил. Яагаад уулзаж чаддаггүй юм бэ гэхээр Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байхгүй гэсэн ганц л шалтгаантай. Гэтэл Монгол Улсын иргэд Малайзад визгүй зорчих эрхтэй. Тэнд очоод хар тамхи, хүний наймаа, биеэ үнэлэлт гээд хууль бус үйлдэлд холбогдож байна. Ер нь их хэцүү газар гэж нэрлэдэг.

-Өдгөө эрх барьж буй Махатхир Мохамадыг сонгуульд ялахад таны өнгөрсөн тавдугаар сард тус улсын хэвлэлд хандсан захидал нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юү?

-Энэ оронд Ерөнхий сайдаар Нажиб ажиллаж байх хугацаандаа өөртэй нь холбогдолтой олон жил ужгирсан хэргийг эрх мэдлээ ашиглан нөгөө хоёр цагдаад хэргийг тохож хаагаад Хааны төв архивт аваачиж хийсэн байдаг. Хааны зарлиг гарч, зөвлөл нь хуралдаж байж архиваасаа материал гаргадаг юм байна л даа. Гэтэл түүхэндээ анх удаа энэ хэргийг сая хааны зарлигаар сөхөж, дахин шийдвэрлэхээр болоод байгаа. Үүнд шинээр сонгогдсон Ерөнхий сайд Махатхир Мохамадын оролцоо ч маш их. Өнгөрсөн тавдугаар сард тус улсын сонгуульд түүхэндээ анх удаа сөрөг хүчин нь ялсан. Английн колониос салсан 60-аад жилийн түүхэнд ганц нам л Малайзын Засгийн эрхийг барьж байсан. Ингэж эрх баригч хүчин өөрчлөгдөх шалтаг нь Нажибтай холбоотой авлига, хээл хахуулийн асуудлаас гадна монгол хүний амь насыг хохироосон хэргийг шударга бус шийдвэрлэсэн кэйс байсан. Үүнд нь би бас зохих хэмжээгээр нөлөөлсөн л дөө. Тус улсын Төрийн далбааг барьсан миний зураг цахим хуудсуудад гарсан. Сонгууль болохынх нь яг өмнөх өдөр надтай холбоотой байдаг тус улсын сэтгүүлчийн цахим хуудас руу тэр зургийнхаа хамт “Малайзын ард түмэн та бүхэн, түүхэндээ хамгийн хариуцлагатай сонгууль энэ байж мэднэ. Хэрэв хариуцлагагүй сонголт хийвэл миний охинд ямар эмгэнэлт явдал тохиолдсон билээ, түүнтэй дүйцэхүйц хувь заяа танай орны хөгжил, ирээдүйд тохиолдохыг үгүйсгэхгүй. Маргааш сонгуулийн хайрцагт саналын хуудсаа бөглөж хийхээсээ өмнө Ш.Алтантуяаг нэг санаарай” гэж бичсэн юм. Орой нь нэр дэвшигчдийн мэтгэлцээн болж, Нажиб болон Махатхир нар зурагтаар шууд нэвтрүүлэгт ороход хамгийн сүүлд хаалтын үгээ хэлэхэд Нажиб улс орноо сайхан болгоно гэх мэт үг хэлжээ. Харин өрсөлдөгч Махатхир гуай “Би Малайзын алдагдсан нэр хүндийг буцаан авчрахын төлөө ажиллана. Би та бүхэнд ганц л зүйл харуулъя” гээд миний илгээсэн захидлыг үзүүлсэн байгаа юм. Ингээд “Би өөр зүйл хэлэхгүй. Энэ хүний хэлсэн үгийг бодоорой” гээд хаасан юм билээ. Тэр шөнөдөө 1.8 сая хүнд хүрсний цаана нь 5-10 хүнээр тооцоход тус улсын олон иргэнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ер бол миний энэ үйлдэл хүчтэй мессеж болсон байх.

-Малайзын Ерөнхий сайдтай та уулзсан. Тэр хүн энэ хэргийн талаар чухам юу ярьж байна вэ?

-Ерөнхий сайд болоод 2018 оны зургадугаар сарын 20-нд надтай ирж уулзана уу гэсэн урилга өгсөн. Би ч Ерөнхий сайд Махатхир гуайтай очиж уулзсан. Тэгэхэд тэрбээр “Би ажлаа аваад удаагүй. Бараг анхны гадаадын иргэн таныг хүлээн авч уулзаж байна. Уулзахын өмнөх орой Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар “Уулзалтад нь амжилт хүсье” гэж ярьсан. Махатхир сайдтай уулзахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ уулзалтад амжилт хүссэн. Ерөнхийлөгчийнхөө мэндийг танд дамжуулж байгаадаа таатай байна” гэж би хэллээ. Тэр хүн надад хоёр гол, анхаарал татахуйц өгүүлбэр хэлсэн. “Нэгдүгээрт, би танд ямар нэг юм амлах гэж уулзаж байгаа юм биш ээ. Хоёрдугаарт, өш хонзон авах гэж энэ хэргийг сэргээн шалгуулах гээгүй шүү. Хэргийг эзэн хааны архиваас гаргасан. Мөрдөн байцаалтыг хурдан шуурхай явуулна. Хуульд заасны дагуу асуудлыг шийдэх ёстой” гэсэн. Өмнө нь тус улсын ерөнхий прокурор надтай уулзсан л даа. Надаас өмнө прокурор нь Ерөнхий сайдтайгаа уулзаад гарсан байна лээ.

-Сирул Азхар Умарыг Австралиас шилжүүлэн авахаар болж байна гэж өнгөрсөн зун мэдээлж байсан. Шилжүүлсэн юм болов уу?

-Одоо болтол түүнийг Австралиас шилжүүлээгүй. Цагаачдын түр саатуулах байранд байлгаж буй юм билээ. Тэр хүнийг Малайзад аваачиж хэргийг шийдвэрлэхэд оролцуулдаггүй юм уу гэсэн санал хүсэлт манай талаас явуулахгүй байна. Биднийг дуугүй байхаар “Сүх далайтал үхэр амар” гэгчээр Австралийн тал ч, Малайз ч гэсэн чимээгүй л юм байгаа биз.

-Яагаад Австрали руу гаргах боломж бүрдүүлсэн юм бол. Анхан шатны шүүх хурлаас цаазаар авах ял оноосон биз дээ, уг нь.

-Анхан шатнаас цаазын ял оноосон л доо. Хоёр жил өнгөрөөд байтал давж заалдах шатны шүүх хурал болж, хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг цагаатгаж сулласан. Манай УИХ, Засгийн газрын гишүүн хүн Малайзад Цаазын ялгүй орнуудын Ази, Номхон далайн орнуудын хуралд очоод үг хэлэхдээ “Монгол хүний амь настай холбогдсон Малайзын иргэдийн хэргийг хүндрүүлэхгүй байхыг хүсье. Түүгээр ч зогсохгүй цаазын ял оноохгүй байх нь зүйтэй гэж үздэг” хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж би дүгнэдэг юм. Үүний дараа Сирулыг Австрали руу гаргасан. Би тэр сайдтай уулзахад “Тийм л юм болчихлоо. Миний үгийг буруу ойлгосон байна” гэсэн.

-Хэргийн гол холбогдогч гэж үзэж байсан Абдул Разак Багинда яагаад суллагдсан юм бэ?

-Монголын тал үүнд их хариуцлагагүй хандсан. Ямар ч эсэргүүцэл илэрхийлээгүй. Манай улсаас Тайландад суугаа ЭСЯ-ны нарийн бичгийн дарга гэж нэг хүн уг нь очсон юм. Тэр шүүх хурал 20-иод минут л үргэлжилсэн байх. Монгол Улсаас ирсэн Засгийн газрын төлөөлөгч үг хэлнэ гэж миний өмгөөлөгч Карпал Сингх хэлтэл нөгөөх төлөөлөгч нь гараад алга болчихсон. “Дуудаад байна үгээ хэлдэггүй юм уу” гэхэд утсаараа “Дарга аа, дарга аа” гээд зогсож байв. Дарга нараасаа асууна гээд ариун цэврийн өрөөний үүдэнд зогсож байсан юм. Тэгээд л хурал тарж, Багинда нь баяраа тэмдэглээд л явсан. Тэгэхээр энд манай улсын төр, засгийн эрх баригчид хариуцлагагүйн дээр ашиг сонирхол байгаа юм. Яагаад 12 жил дүлий дүмбэ оргиж явав аа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид удаа дараа ил захидлаар хандсан. Гэтэл Нажибтай найзлаад, улсынхаа иргэний амь насны асуудлыг үл ойшоосон.

-Манай Засгийн газар, эрх баригчид иргэнийхээ төлөө юу ч дуугараагүй хэрэг үү?

-Бичиг баримт илгээх гэх мэтээр анхаарсан зүйл байгаа. Гэхдээ хүн хүний үйлдэл тусдаа, цаг цагийн аяс өөр. Хийх сэтгэлтэй хүнд гарц олддог. Сэтгэлгүй хүнд шалтаг мунддаггүй. Манайд төрийн залгамж чанар, холбоо гэж байдаггүй. Дөрвөн жил болоод сайд, алба, газрын дарга нар нь солигддог. Дахиад шинэ хүн гарч ирээд ажилтайгаа танилцаж, дадах гэсээр байтал сонгуулийн цикл таардаг. Ийм л байдлаар доод, дунд шатандаа явсан. Дээд шатандаа бол юу ч хийхийг хүсэхгүй байсан. Авлига, хээл хахууль бол дэлхийн бүх оронд байна. Манайд авлигын цээж бөгстэй зууралдаад толгойг нь тасдаад үлдээчихдэг. Малайзад ийм явдалтай тэмцэхийн тулд Махатхир тэргүүтэй сөрөг хүчнийхэн нь ялж, хууль бус үйлдэл, шударга бус явдалтай тэмцэхээр гарч ирсэн. Хууль, шүүхийн өмнө хувь хүн эдийн засгаараа хохирдог, цөхөрдөг, хүчин мөхөстдөг, эрх мэдэл нь хүрдэггүй юм байна. Би тэгэхийг хүсээгүй. Карпал Сингх гуай “Хоёулаа энэ хэргийн өмнө хэзээ ч сөхрөхгүй шүү” гээд гар барилцаж байсан юм.

Эх сурвалж:

Өнөөдөр сонин

6 thoughts on “С.Шаарийбуу: Охины минь амийг бүрэлгэсэн хүмүүсийн хэргийг эзэн хааны архивт хийснийг сэргээн шалгаж байгаа

  1. Аяамус гэх хасаг өвгөн 2018-12-11 11:56 at 11:56

    Монголын төрийн доод дунд шатанд зарим сайдтан ч гэх шиг мулгуу, мэдлэггүй, бэлтгэгдээгүй, мануухай нар алба хашиж буй нүүр царайг энэ ярилцлагаас харж болно. Ихнэнхдээ авилгал авах гэж л ажиллаж байна.

    Хариулах
  2. Иргэн 2018-12-11 12:43 at 12:43

    Жинхэнэ эцэг хүн Шаарийбуу танаар бахархаж байна. Таны цөхрөлтгүй хөөцөлдлөгөө Монголын төдийгүй дэлхийн сая сая аавуудад үлгэр дууриал, хүнд сурталт төрийн түшмэлүүдэд ташуур болно. Таны үйлс бүтэх болтугай

    Хариулах
  3. Сайн 2018-12-11 12:53 at 12:53

    ДАХИАД Л НӨГӨӨ ЭЛБЭГ ДОРЖ ХУТГАЛДАЖ

    Хариулах
  4. Зочин 2018-12-11 13:47 at 13:47

    Эцэг хүний үлгэр жишээ, хүний эрхийн цуцашгүй тэмцэгч, манай хүний эрхийн хорооноос энэ хэрэгт яаж оролцсон бол,энэ хүн шиг хүн болгон тэмцдэг бол шударга ёс тогтоно.

    Хариулах
  5. урваач элбэгдорж 2018-12-12 00:03 at 00:03

    хайран сайхан охин,бас л монголчуудын авилгаач, енее муухай элбэгдоржийн хуурамч царай

    Хариулах
  6. зочин 2018-12-12 11:55 at 11:55

    энэ ноцтой асуудлаас үүдэн Малайз улсад гаднаас оруулах хөрөнгө оруулалт 25 хувиар буурч,малайзад итгэх итгэл урд үзэгдэж байгаагүй доошилсон үзүүлэлт гарч,төр нь анхаархаас өөр аргагүй болоод байгаагаа Парламент дээрээ хурцаар яригдсан байна.

    Хариулах

урваач элбэгдорж-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн