Нээлттэй нийгэм форум Шилэн дансны тухай хуулийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хянахаар 2016 оны арванхоёрдугаар сард ажиглаглалт явуулсан байна. Ажиглалт улсын болон орон нутгийн төсвийн байгууллагууд 28 төрлийн мэдээллийг тодорхой хугацааны давтамжтай нийтэд ил тод болгоно гэсэн Шилэн дансны тухай хуулийн заалтын хүрээнд явагдсан юм байна. Ингэхдээ таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн 2016 оны 12 дугаар сарын дансны хуулгатай харьцуулж үзжээ.
Ажиглалтаас харахад нийслэлийн хэмжээнд Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн ЗДТГ мэдээллийнхээ 96 хувийг дэлгэсэн бол Улаанбаатар хотын ЗДТГ зөвхөн 21 хувийг ил болгожээ. Цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ тус бүрийн гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр бүхий 49 мэдээллийг Баянгол дүүргийн ЗДТГ нийтэлсэн байна. Энэ талаар хамгийн цөөн мэдээллийг Налайх, Багахангай дүүргүүд нийтэд мэдээлжээ. Орон нутгийн тухайд ажиглалтад 21 аймаг хамрагдсан. Үүнээс долоон аймгийн ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн нийт гүйлгээнийхээ 50-иас дээш хувийг ил тод болгосон байна. Тухайлбал, Өмнөговь, Орхон, Дундговь аймгуудын мэдээллийн ил тод байдал харьцангуй өндөр байна. Харин Увс, Дархан-Уул аймгийн ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн гүйлгээг огт нийтлээгүй байжээ.