– Дэлхий нийт шинжлэх ухааны ололтод тулгуурлан хөгжиж байхад манайх эрдэмтдээ орон байргүй, үнэт олдвороо хог болгох дээрээ тулсан юм гэж үү –
Эрдэмтэд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийж (2017.02.23) Ерөнхий сайд Ж.Эрдэнбатаас 1964 онд байгуулагдсан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт баланс руу шилжүүлсэн Засгийн газрын 270 дугаар тогтоолыг өөрчлөхийг шаардлаа. Тэд уг тогтоолыг хүчингүй болгохгүй бол ирэх гуравдугаар сард 2000 эрдэмтэн оролцсон “Үлэг гүрвэлийн цурхираан” нэртэй жагсаалыг зохион байгуулна гэсэн юм. Мөн энэ үеэр БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд 21-нд авах ёстой хариу нь ирээгүй тул жагсаал зохион байгуулсан гэнэ.
Эрдэмтдийг бухимдуулж байгаа Засгийн газрын 270 дугаар тогтоолыг 2016 оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан бөгөөд хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Үүнээс өмнө Засгийн газар шинжлэх ухааны 20 хүрээлэнг арав болгон цөөлж, 150 гаруй хүнийг ажилгүй болгосон байдаг. Эрдэмтдийн байрыг прокурорын байгууллагад шилжүүлсний улмаас улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар авчирсан хөдөлгөж болох, үл хөдөлгөж болох, энгийн тасалгааны нөхцөлд тавихад маш богино хугацаанд задарч үгүй болох олон ховор үзмэрүүд устаж мэдэх аюултай тулгарсан байдаг.
Тэдний дунд 4000-5000 орчим эртний ургамал, дун хясаа, далай тэнгисийн ёроолын амьтан байгаа юм байна. Эрдэмтэд тэдний олонхийг нь судалж амжаагүй байгаа. Үзмэрийн үлэг гүрвэл өнөөдөр “Хүннү молл”-ын гол талбайг чимэж, олон нийтийн нүдийг хужирлаж байгаа. Хүрээлэн үлэг гүрвэлийг үзэсгэлэн маягаар дэлгэх биш хадгалах газар байхгүйдээ тэнд байрлуулсан юм байна. Монгол Улс палеонтологийн олдвор, салбарын хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт ордог аж. Дэлхий нийт шинжлэх ухааны ололт дээр тулгуурлан хөгжиж байхад харин Монгол эсрэгээр эрдэмтдээ орон байргүй, үнэт олдвороо хог болгох дээрээ тулчихаагүй байлтай.