УИХ-ын нэр бүхий гишүүд бойкотоо үргэлжлүүлж байна гээд өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдэж суулт зарласан. Улмаар чуулганы танхимд орж эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин тэдгээр гишүүдтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзахаар өрөөндөө орсон. Тэдний дунд өрнөсөн яриаг бид сийрүүлэн хүргэж байна.
Даваа гараг хүртэл огцрох өргөдлөө өгөхгүй бол тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд дарга аа, Та миний нүд рүү харж байгаад хэл. 60 тэрбумын бичлэгт Та үнэхээр байгаагүй юу? Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Та ганцхан энэ зүйлд над руу харж байгаад “үнэн” гээд хэлчих. Төрийн сүлдний өмнө, Төрийн тугны өмнө. Тэр үнэн юм уу?
УИХ-ын дарга М.Энхболд: Шаардлагыг чинь эхлээд сонсъё, асуултыг чинь ойлголоо.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Та эхлээд үүнийг хэлчих. Өнөөдөр яахаараа Үндсэн хуулийн цэцэд №8484 гээд бидний өгсөн бичиг №8495 болж Цолмон дарга дээр очоод эндээс дөрвөн гишүүний гарын үсэг алга болчихдог юм бэ?
Би танд итгэхгүй байна. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гэж хааж чадсан шиг энэ дөрвөн гарын үсгийг алга болгосон байна гэж би үзэж байна. Дөрвөн гишүүн өөрсдөө гарын үсэг зураад ҮХЦ-д бид зурсан гээд өгчихөөд байхад Монгол Улсын Үндсэн Хууль зураагүй гэдэг үндэслэлээр хаадаг юм бэ? Яагаад бид нар таныг огцруулах тухай асуудал тавьсныг намайг огцруулах тухай асуудал биш гэж үзэж байгаа юм бэ? Тэгвэл өнөөдөр бид 32 гишүүнээр гарын үсэг зуруулбал Та огцрох юм уу? М.Энхболд дарга аа, битгий дандаа ингэж мэлз. Одоо хангалттай.
Бид 18:40 цаг хүртэл байсан. Би хамгийн сүүлд лайв хийгээд таныг орж ирэхийг шаардсан. Биднийг гарч явсны дараа нэг хоёр гишүүн дуудаад хаасан гэдгийг сонссон. Битгий Монголын ард түмний өмнө дахин дахин ингэж худлаа ярь л даа. Та хууль хяналтын байгууллагад нөлөөлж байгаа нь үнэн шдээ.
Яагаад өнөөдөр Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудал, 60 тэрбумтай холбоотой асуудал, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой асуудал, Бадамжунайтай холбоотой асуудал, тантай холбоотой газрын наймаа таны томилсон Энхжаргал гэдэг хүн дээр очоод гацчихдаг юм бэ? Яагаад тэр хүмүүс Их хурлын гишүүдийг хууль бусаар тагнаж, чагнаж байдаг юм бэ? Таны томилсон Энхжаргал, Төгөлдөр, таны нөлөөлж байгаа гүйцэтгэх албаны дарга яахаараа УИХ-ын гишүүдийг хууль бусаар тагнаж, чагнадаг юм бэ?
Яг Та 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш ээ гээд хэлж чадахгүй, миний нүд рүү харж чадахгүй байгаатай адилхан танд байгаа хууль хяналтын байгууллагын бүрдүүлсэн энэ бүх цаас худал хуурмаг, М.Энхболд дарга аа. Та энийг хүчээр нөлөөлж хийлгэсэн. Тийм учраас бид таныг арга буюу ажлаа өгөөч ээ гэж шаардаж байгаа юм. Тантай ажиллах ёс зүйн бөгөөд Их хурлын гишүүдийн итгэл үнэмшил байхгүй байна.
Өнөөдөр УИХ тарах, үгүй дээрээ тулж байна. Их хурал тарвал юу болох вэ гэдгийг Та өөрөө мэдэж байгаа. Тийм учраас УИХ таны албан тушаалаас илүү их үнэ цэнэтэй гэж бодож байгаа учраас арга буюу бид ийм байдалд хүрч ирчихээд байгаа юм. Та өнөөдөр бид нарт, ард түмэнд дахиад битгий худлаа ярь М.Энхболд дарга аа. Та зүгээр л огцор, өргөдлөө өг.
ҮХЦ-ийн эцсийн дүгнэлт Ерөнхий сайдаас өгөөд гартал Та чуулганы хуралдааныг даргалахгүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Даваа гараг хүртэл огцрох өргөдлөө өгөхгүй бол бид нар дараагийн тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно шүү гэдгээ танд албан ёсоор мэдэгдэж байна.
Ийнхүү яриа өндөрлөлөө.