Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2018.12.04) БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзжээ. Тэрээр Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүссэн байна.
БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан аж. Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд, энэхүү түр зуурын саатал нь Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлжээ.