Хэрвээ Москвагийн эрх баригчид гэрээ зөрчиж бүтээсэн пуужингуудаа 60 хоногийн дотор устгахгүй бол дунд тусгалын цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээнээс гарна гэдгээ АНУ өчигдөр анхаарууллаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ нөхцлийг өчигдөр зарласан байна.
Оросын бүтээсэн зэвсгийн шинэ систем нь 1987 онд байгуулсан түүхэн гэрээг зөрчиж байна гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэрг гэрээг хүчинтэй хэвээр үлдээх эсэх нь одоо дан ганц Оросын талын шийдэх хэрэг гэж мэдэгдсэн байна. Оросын бүтээсэн 9М729 систем нь хуурай газрын ангиллын 500-5,500 км тусгалын пуужинг хориглох 1987 оны гэрээг зөрчиж байна гэж АНУ болон NATO үзэж байгаа юм.
Энэхүү зэвсэг нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, хөдөлгөөнт байрлалаас харвах боломжтой, урьдчилан сэргийлэх боломжгүй тул богино хугацаанд Европын хотуудад гэнэтийн цохилт өгч чадах юм. Энэ нөхцөл нь АНУ-ЗХУ хоёрын хооронд байгуулсан гэрээг зөрчиж, Европ тивийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Оросууд буулт хийнэ гэдэгт эргэлзэж байгаа Столтенбэрг “Гэрээ дуусгавар болох өндөр магадлалтай байгаад би харамсаж байна. Нөгөө талаар бид хариу арга хэмжээ авахаас өөр замгүй болж байна” гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл зэвсэглэлээр хөөцөлдөх явдал зайлшгүй болж байгааг тэр анхааруулжээ.
Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох 1987 оны гэрээнээс гарна гэдгээ анх зарласан. Тэрээр ОХУ-ыг гэрээнд тусгасан амлалтаа биелүүлэхгүй байгаа тул зэвсэглэлээ нэмэгдүүлэхээс өөр замгүй болж байгааг тайлбарласан юм. Гэхдээ Трамп хоёр өдрийн өмнө хэлэхдээ Хятад, Оросын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг хэрхэн зогсоох талаар ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
1987 оны гэрээ нь зөвхөн АНУ, ОХУ улсуудын дунд байгуулагдсан ба өнөөдөр Хятад улс энэ гэрээнд бас хамрагдах ёстой болоод байгааг тэр онцолсон юм. Хэрвээ өгөгдсөн 60 хоногийн хугацаанд Оросын тал гэрээний үүргээ биелүүлэхгүй бол Вашингтон дунд тусгалын цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээнээс гарах зургаан сарын үйл явцыг эхлүүлэх ажээ. Энэ хугацаанд АНУ ямар нэг шинэ зэвсгийн систем бүтээх, турших үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг Помпео баталсан байна.
Эх сурвалж: AFP