“Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагдсан тухай мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхлээд байна. Уг хэргийн талаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шалгалтаар Өргөө амаржих газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь өөрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогджээ. Тэрээр Өргөө амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дөнгөж төрсөн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга н.Батдавааг хохирогчоор тогтоожээ. Харин тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч албан тушаалтай байсан гэх О-г хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Сэжигтэн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Энэхүү хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн зүгээс О-г тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, цалин хасах арга хэмжээ авчээ.
2 comments
Эмнэлэгүүдэд иймэрхүү маягаар Хувийн эмнэлэгүүдэд Хулгайлагдаж очсон Тоног төхөөрөмжүүд зөндөө л гарна дөө Илэрсэн нь энэ болохоос бараг Эмнэлэг болгон шахуу их бага хэмжээгээр Хувийн эмнэлэгүүдэд Тоног төхөөрөмжөө алдчихсан л байгаа
Eruul mendiin salbariin hund surtal arai l denduu baina daa